Манай улсын сүрьеэгийн өвчлөлийн түвшин дэлхийн дундажтай харьцуулахад 3.4 дахин их байна гэдгийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Статистикч эмч Б.Уранчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Жилд 13,000-14,000 хүн сүргьеэ өвчнөөр өвчилж байна гэсэн тооцоолол гарсан. Харин дэлхий дээр жилд 400 гаруй мянган хүн олон эмд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж байгаа бол манай улсад энэ тоо 1,000 орчим байна. Эндээс харвал олон эмд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөлөөр манай улс дэлхий болон бүсийн дундажтай харьцуулахад 4-5 дахин их байгаа юм.
Хүүхдийн сүрьеэгийн өвчлөлийн хувьд дэлхийн дундаж долоон хувь, манай улсынх 12 хувь байна. Хөрш зэрэгэлдээ улс орнуудтай өвчлөлийг харьцуулахад 100 мянган хүн амд оногдох өвчлөлийн түвшин манай улсад 437 байгаа бол ОХУ-д 46, БНХАУ-д 59 байгаа юм. Гэхдээ энэ үзүүлэлтээр хамгийн өвчлөл өндөртэй нь Филиппин улс байна. Харин манай улс эмчилгээний амжилтаараа дэлхийн дунджаас дээгүүр байна. Халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэг 88 хувийн амжилттай эмчилж чаддаг. Өөрөөр хэлбэл, илрүүлсэн өвчнөө амжилттай эмчилж байна гэж ойлгож болно.
Хамгийн сүүлийн мэдээллээр сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд Монгол Улс орсон. Учир нь 2014-2015 онд Монгол Улс дахь сүрьеэгийн тархалт ямар байгааг анх удаа судалсан бөгөөд 100 мянган хүн амын 22,000 гаруй нь сүрьеэтэй гэж гарсан. Мөн эмд тэсвэртэй сүрьеэгийн тархалт 5,3 хувьтай байна. Энэ нь сүрьеэгээр өвчилсөн хүмүүс болон тэдний гэр бүлийнхний 74 хувь нь санхүүгийн ямар нэгэн дарамтад өртөж байна гэсэн дүгнэлт гарсан.
Жил бүр сүрьеэгээр өвчилж байгаа 8,000- 10,000 хүнийг оношилж чадахгүй байна гэсэн тооцоо бий. Эрт илрүүлэлтийн хувь дөнгөж 20.8 хувьтай байна. Тухайлбал 2019 онд 31.5 хувийн эрт илрүүлэлттэй байсан бол 2020 онд 29.2 хувь болж буурсан.
Мөн төвийн болон зүүн бүс, төмөр замын дагуух аймаг орон нутагт сүрьеэгийн өвчлөл тогтмол өндөр байна" гэлээ.