Хятадын эрх баригчид энэ онд батлан хамгаалахын зардлаа 7.1 хувиар нэмэгдүүлж 1.4 их наяд юань (ойролцоогоор 229.07 тэрбум ам.доллар) болгохоор төлөвлөж байна. Нийгмийн аюулгүй байдлын зардлыг 4.7 хувиар өсгөн 194.9 тэрбум юань буюу 30.8 тэрбум ам.долларт хүргэх нь. 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын тавдугаар чуулганы нээлтийн үеэр тараасан тус улсын төсвийн төсөлд ингэж тусгажээ. Уг чуулган энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд 11 хүртэл үргэлжилнэ.
Өнгөрсөн онд Хятад улс батлан хамгаалахын зардлаа 6.8 хувиар нэмэгдүүлэн 1.3 их наяд юань (209 тэрбум орчим ам.доллар) болгосон билээ. Урд хөршийг цэргийн төсвийн талаарх албан ёсны мэдээллээ “дарж” өгдөг бөгөөд бодит хэмжээ нь 25-50 хувиар өндөр байж магадгүй гэж дэлхийн олон байгууллага, тэр дундаа Стокхолмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн үзэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар тус улсын нийтэлсэн тоо баримтад стратегийн хүчин, батлан хамгаалахын шинжлэх ухаан, техникийг хөгжүүлэхэд зориулсан зардал, гадаадаас импортолсон зэвсэг, Ардын зэвсэгт цагдаа (дотоодын цэрэг) болон бусад хагас цэрэгжүүлсэн зэвсэгт ангид зарцуулсан зардал зэрэг маш чухал мэдээлэл байдаггүй гэж тэд үзэж байна. Мөн мужуудын удирдлага цэргийн хэрэгцээнд гаргасан зардлаа тооцдоггүй гэнэ. Энэ жил Хятад улс нефть, хийн ордын хайгуулаа эрчимжүүлэхийг Засгийн газраас нь дээрх чуулганд зориулан бэлтгэсэн илтгэлд дурджээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятадад нефтийн олборлолт 2.4 хувиар өсөн 198.98 сая тонн, байгалийн хийнх 8.2 хувиар нэмэгдэж 205.3 тэрбум шоо метр болжээ. Тус улс өнгөрсөн онд 512.9 сая тонн нефть импортолсон нь өмнөх жилийнхээ мөн үеийнхээс 5.4 хувиар буурсан үзүүлэлт гэж Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлэв. Байгалийн хийн импорт нь 19.9 хувиар өсөж 121.36 сая тонн болжээ. Үүний сацуу оршин суугчдынхаа 85 хувийг коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамруулсныг Засгийн газрынх нь илтгэлд дурдсан байна. Өмнөд хөрш 1.41 тэрбум хүн амтай.