Увс аймгийн ЗДТГ ба Увс аймаг дахь Цагдаагийн газрын санаачилгаар ОХУ-ын Тува улсын Засгийн газар болон Тува улс дахь хууль хяналтын байгууллагуудын хоорондын цахим хурлыг зохион байгууллаа. Хурлын гол зорилго нь хил дамнан үйлдэгдэж буй гэмт хэргийг олж илрүүлэх, шалгах ажиллагаанд талуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хил дамнасан малын хулгайг илрүүлж шийдвэрлэхэд хамтарсан комиссын хамтын ажиллагааг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх асуудалд дэмжлэг үзүүлэх чиглэлээр талуудын төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Цахим хурлыг нээж Тува улсын Засгийн газрын тэргүүний хууль эрх зүй, аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч дарга Тимур Борисович Куулар, Кызыл хотноо суугаа Ерөнхий консул Ч.Ганболд, аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болор-Эрдэнэ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд нар мэндчилгээ дэвшүүлж бүс нутгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал шаардлага байгааг дурьдлаа. Цахим хуралд ОХУ-ын талаас Тува улсын Засгийн газрын холбогдох албаны төлөөллүүд, ОХУ-ын Красноярскийн гаалийн даргын орлогч дарга Петрунин Виталий Анатольевич, Холбооны Цагаачлалын албаны төлөөлөл, Орос-Монголын хилийн Кызылийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч хурандаа Баюсов Сергей Викторович, хилийн бүс нутгийн хошуудын дарга нар оролцсон бол Монгол Улсын талаас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Интерполын Үндэсний түр товчооны албаны төлөөллүүд, аймгийн ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтсийн мэргэжилтнүүд, Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат тэргүүтэй эрүүгийн цагдаа, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх албаны ажилтнууд, хилимйн цэргийн 0245 дугаар ангийн захиргагчийн орлогч хошууч Г.Эрдэнэбат,ГИХГ-ын Увс аймаг дахь алба, Гаалийн газар, хилийн сумдын Засаг дарга нарын төлөөлллүүд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Цахим хурлаар хэлэлцсэн асуудлын дагуу илтгэлүүд хэлэлцүүлэн Протоколд тусган холбогдох байгууллагууд цаашдын үйл ажиллагаандаа тусган хамтран ажиллахаар тохиролцлоо.