Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр урлагийнхан үзвэрийн “хур” буулгах нь. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд урлагийн арга хэмжээ төдийлөн зохион байгуулаагүй. Тиймээс үзэгчид ч урлагаар “цангасан” гэхэд хилсдэхгүй. Тэгвэл уг өдрийн хүрээнд онцлог ямар тоглолтууд болох талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэе
Гуравдугаар сарын 5
“Галсанбат & Зундарь” хүндэтгэлийн тоглолт-“Корпорэйт” зочид буудал
Гуравдугаар сарын 5, 6
П.И.Чайковскийн “Хунт нуур” балет-УДЭТ
Морин хуулийн чуулгын “Best of playing love” тоглолт-Соёлын төв өргөө
Гуравдугаар сарын 6, 7
Дуучин Д.Отгонжаргал “Хун галуу” тоглолт-“UB palace”
Гуравдугаар сарын 7
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Chuka & friends: Хайр” тоглолт-“UB palace”
Дуучин Б.Нацагдорж, П.Баярцэнгэл “Чамдаа баярлалаа” тоглолт-“Корпорэйт” зочид буудал
Гуравдугаар сарын 7, 8
“Монголын их хатад” бүжгэн жүжиг-Үндэсний урлагийн их театр
Гуравдугаар сарын 8
“Хурд” хамтлаг “Бүсгүй” тоглолт-“UG palace”
“Улаанбаатар” чуулга нийтийн дуучдын хамтарсан “Амин ээжүүд” тоглолт
“ХОХИРОГЧ”-ТОЙ ЭНЭ САРЫН 10-НААС ТАНИЛЦААРАЙ
“17” продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээжээ. Нууцлаг, ээдрээт, сэтгэл зүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна. Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Ариана нар тогложээ. 10 ангит тус бүтээлийг энэ сарын 10 наас үзэгчдийн хүртээл болгох юм. Сонирхуулахад, “17” продакшныхан “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэний хувьд гадаадын цувралуудын түвшинд ахиулахыг зорьж ажилласнаа онцолсон юм. Тодруулбал, зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьжээ.
ЭЭЖДЭЭ ЦЭЦЭГ ЗУРЖ БЭЛЭГЛЭЕ
“Norphei” арт галерейнхан энэ сарын 5-нд бага насны, зурах дуртай хүүхдүүдийг “Ээж-дээ цэцэг зурж бэлэглэе” өдөрлөгт урих аж. Тэднийхийг зорин очих хүүхдүүдийг урьдчилан бэлтгэсэн ширээнд суулган, янз бүрээр зохиомжлон тавьсан цэцэгсийг харж, дуурайлгаж зурахыг санал болгох юм байна. Харандаа, цаас, будгаар хангана. Бүтээлийг нь өөрсдөд нь өгөх тул охид, хөвгүүд түүнийгээ эмэгтэйчүүдийн баяраар ээждээ бэлэглэх боломжтой юм.
УРАН ЗУРГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТЭЙ
“Монгол” арт галерей энэ сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр зочид бүх танхимд дэлгэсэн уран зургийн үзэсгэлэнгээр аялангаа галерейн сургалтуудтай танилцаж, амтат кофе, зуушаар үйлчлүүлэх боломжтой аж. Мөн мэргэжлийн зураачдаар хөргөө зуруулах, бэлгийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ болох нь.