Монгол Улсад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж бий болгох асуудлыг цөөнгүй жил ярьж буй. Хамгийн сүүлд 2018 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо олон нийтээс ирүүлсэн санал, гомдлыг үндэслэн ийм байгууламж барих тухай 05 тоот тогтоол баталж, тохиромжтой байршлыг тодорхойлох, тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах чиглэл нийслэлийн ИТХ болон холбогдох байгууллагынханд өгч байв. Гэвч оновчтой газар сонгож, тодорхойлж чадалгүй хугацаа алдсаны улмаас уг ажил гацсан юм. Тэгвэл Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд энэ санаачилгыг ажил хэрэг болгох зорилт дэвшүүлжээ. Үүний хүрээнд БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн хамтран аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, шинжилгээний чадавх сайжруулах зорилготой төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Эл төслийн үр дүнд аюултай хог хаягдлыг устгах менежментийн төлөвлөгөөг олон улсын стандарт, жишгийн дагуу боловсруулж, нутагшуулахаас гадна Базелийн конвенц (Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай)-ын хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдүүлэх гэнэ.