Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) гишүүн орнууд нөөцөөсөө 60 сая баррель нефть худалдахаар тохиролцсон байна. Япон, АНУ, Европын орнууд багтдаг тус байгууллагын сайд нарын шуурхай цахим хурлаас ийм шийдвэр гаргажээ. Тэд Украинд Орос халдан довтолсонтой холбогдуулан эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахын тулд хамтран ажиллах ёстой гэсэн байр сууриа хуваалцав.
60 сая баррель нь дэлхийн нефтийн өдөр тутмын хэрэглээний 60 орчим хувь юм. Үүний тал хувийг АНУ гаргах гэнэ. Үлдсэн 30 сая баррелийг ОУЭА-ийн гишүүн бусад орны нөхцөл байдлыг харгалзан хуваарилна. Тус агентлаг сүүлийн 11 жилд анх удаа нефтийн нөөцөө гаргах гэж байна. Ливид 2011 онд тэр үеийн удирдагч Муаммар Каддафийн дэглэм болон Засгийн газрын эсрэг хүчнийхэн хоорондын цэргийн ажиллагааны улмаас түүхий нефтийн экспорт тасалдсан юм. ОУЭА нь хямрал, байгалийн гамшгийн улмаас нефть хүрэлцэхгүй болсон үед гишүүн орнуудын хүсэлтээр нөөцөөсөө гаргахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг аж.