“...Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч төлбөрийн цахим төхөөрөмжид карт уншуулахад ахмад настан, хөнгөлөлттэй зорчигч, оюутан, хүүхэд, баярлалаа гэж хариулдаг. Хөнгөлөлтэй зорчигч гэж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэлж байгааг хүмүүс мэдэх бөгөөд ийнхүү ялгаж дуудах нь иргэдийг нас, эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхаж байна” гэж иргэнээс ирүүлсэн гомдлыг шалгаж, Нийтийн тээврийн үйлчилгээний газарт Комиссын гишүүний Зөвлөмжийг хүргүүлсэн.
Зөвлөмжид “Нийтийн тээврээр хөнгөлөлтэй зорчих эрхийг хөнгөлөлт эдлэхгүй зорчигч ашиглаж, төлбөрөөс зайлсхийх, завших байдлыг таслан зогсоох зорилгоор төлбөрийн карт уншуулах үед зорчигчдын төрөл, байдлыг зарлаж, олон нийтийн болон хувь хүний өөрийн хяналтыг бий болгосныг ийнхүү хянахаас механизм байхгүй тохиолдолд хүний эрхийн зөрчил гэж үзэхгүй. Түүнчлэн, “хөнгөлөлтэй зорчигч” гэх нэр томьёо нь дангаараа хүнийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхсан шинжгүй байна. Гэвч бусад хөнгөлөлттэй зорчигчийг “ахмад настан”, “хүүхэд”, “оюутан”, “хүндэт донор” гэх байдлаар нэрлэж, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг “хөнгөлөлттэй зорчигч” гэж байгаа нь ялгаварласан, хувь хүний эрүүл мэндийн нууцыг задруулсан шинжтэй байна. Ийнхүү зарлах байдлыг хөнгөлөлт эдэлдэггүй зорчигчийн төлбөрийн картыг уншуулахад “баярлалаа” гэж хариулдагтай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш үнэ цэнэ, нэр төрийг үл хүндэтгэсэн шинжийг агуулсан гэж ойлгогдож байна” гэж дүгнээд арга хэмжээ авахыг зөвлөсөн.
Иймд зорчигчийн хувийн байдлыг зарлахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөрөөс зайлсхийх, төлбөр завших тохиолдлыг хянах өөр арга зам байхгүй тохиолдолд зөвхөн энэхүү хяналтыг хэрэгжүүлэх зорилгод нийцүүлэн зорчигчдыг ерөнхий байдлаар нэрлэх тохиргоог карт уншигч төхөөрөмжид хийх. Жишээлбэл, “хөнгөлөлтэй зорчигч”, “хөнгөлөлт эдлэхгүй зорчигч” гэсэн хоёр төрлийн ерөнхий нэршлийг нийтийн зорчигчид ашиглаж болох”-ыг санал болгосон.
Зөвлөмжийн дагуу тус Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зорчигчийн хувийн байдлыг зарлахгүй байх нөхцөл шаардлагад нийцүүлэн нийтийн тээврийн үйлчилгээгээр хөнгөлттэй зорчдог ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын картыг карт уншигч төхөөрөмжид “хөнгөлөлттэй зорчигч” гэсэн дуут тохиргоог хийж 2022 оны гуравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлэхээр болсон гэдгийг албан бичгээр ирүүлээд байна.