Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсаны шүлгийг “Харанга” хамтлагийнхан дуу болгожээ. Тодруулбал, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ая зохиосон байна. Тэрбээр “Б.Лхагвасүрэн ахад энэ шүлгээр дуу хийе гэж хандахад их сайхан хүлээж авсан. Энэ шинэ дууг “Харанга” хамтлаг “Хайр” тоглолтын үеэр үзэгчдэд анх сонсгох юм” гэлээ.
Өмнө нь эл шүлэгт хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ая хийж, МУСТА, дуучин Б.Буянжаргал дуулж байжээ. Харин энэ удаа цоо шинэ найруулга, өөр аялгуутайгаар нийтэд хүрэх нь.
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй.