Дундговь аймгийн ЗДТГ, БОАЖГ холбогдох байгууллагуудтай хамтран “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форумыг энэ сарын 5, 6-нд зохион байгуулах гэж байна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх шийдэл эрэлхийлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ тодорхойлох нь эл арга хэмжээний гол зорилго аж.
Өгөдэй хааны өвөлжөө, Замбага хайрхан дахь хүннүгийн булш, дундад зууны үед холбогдох Шаазан хотын суурь, Дэл уулын хадны зураг, Ярхын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дархны газар, Сангийн далай, Чойрын хийд зэрэг түүх, соёлын дурсгал энэ аймагт цөөнгүй. Тэрчлэн далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан, Их болон Бага газрын чулуу зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав, элсэн манхан, боржин чулуун уултайгаараа онцлог. Дундговьчууд ирэх жилүүдэд энэ нөөц боломждоо түшиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, говийн аялал жуулчлалын гол бүс болох зорилт дэвшүүлжээ. Тиймээс энэ удаагийн форумаар түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг экологид ээлтэй, тогтвортойгоор хэрхэн хослуулан хөгжүүлэх вэ гэдгийг онцгойлон хэлэлцэх гэнэ. Үүнд БОАЖЯ болон Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл оролцоно.