Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, агаарын хилээ бүрэн нээсэнтэй холбоотойгоор аялал жуулчлалын үйл ажиллагаа идэвхжиж, компаниуд үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхлээд байна. Аймгууд ч энэ хавар, зун, намар зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдээ танилцуулсаар буй. Дорнодчууд ирэх дөрөвдүгээр сарын 2-нд зуны аялал жуулчлалын нээлтийн арга хэмжээг зохион байгуулах бол дараа нь хөрш зэргэлдээ улсуудын соёлын өдөрлөг хийхээр төлөвлөжээ. Харин Төв аймагт “Монгол нүүдэлчин”, “Хонины найр” зэрэг өв соёлын өдөрлөг болох тов гарчээ. Дундговийнхон “Айраг, найраг”, “Морьтой Монгол”, “Их говийн тэмээн соёл” наадам, “Сэтгэшгүй оддын чуулган” од ажиглах аялал зохиох нь.
Харин нийслэлд зохион байгуулах арга хэмжээ ирэх зургадугаар сард “Талын салхи” олон улсын мото уралдаанаар эхэлнэ. Тэгвэл долдугаар сард “Playtime”, “Дээлтэй Монгол” наадам болох аж. Найм, есдүгээр сард “Даншиг наадам-хүрээ цам” шашин соёлын арга хэмжээ, “Тал нутгийн марафон”, “Хийморь” морьт харваа, морин тулааны наадам, “Улаанбаатар” явган аяллын уралдаан, “Уухай” шагайн харвааны тэмцээн, “Хуралдайн наадам-шонхрын баяр” зэргийг төлөвлөжээ.