ҮУИТ “Үлэмжийн чанар” дуулалт жүжгээ таван жилийн өмнө тайзнаа тавьсан.
Гол дүр болох Говийн ноён хутагт Данзанравжаад одоогийн Гавьяат жүжигчин Б.Батмэнд тоглож байв.
ҮУИТ-ын оркестр буюу орчин цагт үндэсний хөгжмийн найрал байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатараас ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэл авлаа.
Тус театр ирэх сард томоохон хэмжээний гурван бүтээл үзэгчдэдээ хүргэх аж. Тодруулбал, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Монголын их хатад” бүжгэн туульсаа гуравдугаар сарын 7, 8-нд тоглох юм байна. Дараагийнх нь залуу хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнийн “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг. Үүнийг тайзнаа тавьснаас хойш таван жилийн дараа дахин тоглох гэж буй юм билээ. Цомнолыг нь Дорноговийн уугуул зохиолч Шартолгой бичсэн. Гол дүр нь говийн ноён хутагт Данзанравжаа. Найруулагч нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд. Театрын уран сайхны удирдагч, удирдаач Н.Буянбаатар энэ жүжгийн талаар “Хүмүүс энэ жүжгийг үзээсэй гэж их боддог. Тэртээ хэдэн зууны өмнө одоогийн Монголын нийгмийг сайнтай, саартай нь зурсан, өгүүлсэн мэт санагддаг” гэж байлаа. Гурав дахь нь үндэсний хөгжмийн оркестрын залуу уран бүтээлчид санаачлан үзэгчдэд ирэх сарын 25-нд хүргэх тоглолт бөгөөд үүгээр тус театрын үндэсний хөгжмийн оркестрын 60 жилийн ойн хүрээнд явуулах цуврал тоглолтуудыг эхлүүлэх ажээ. Оркестрын нэгэн жарны түүхийг товчлон өгүүлэх бүтээлүүдээс бүрдсэн хөтөлбөр бүхий энэхүү онцлох концертыг залуу маэстро Э.Мөнхбаяр удирдан явуулна.
ҮУИТ-ын үндэсний хөгжмийн найрлыг Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн санаачилгаар 1962 онд албан ёсоор байгуулсан түүхтэй. Үүнээс өмнө Дуу танцны улсын ансамбль, Эстрад урлагийн товчоо, Улсын ардын дуу бүжгийн чуулга гэх зэргээр нэрлэж байсан он жилүүдэд үндэсний хөгжимчид цөөхүүл бүрэлдэхүүнээр тоглож ирсэн бөгөөд найрлын түвшинд дуугаргах боломж бүрдүүлэн оркестр болгосноос хойш чухамхүү 60 жил өнгөрчээ. Уран бүтээлчид түүхэн ойн энэ жилд хэд хэдэн цуврал тоглолт төлөвлөсөн юм билээ. Ойд зориулсан цуврал арга хэмжээний хаалтын хүндэтгэлийн гол тоглолтыг ирэх арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулахаар товложээ. Уран бүтээлчид үүнд одооноос бэлтгэж эхэлсэн аж. Хөгжимчдийнхөө хувцас, хэрэглэлийг ч солих талаар төлөвлөгөөндөө тусгасан байна.
Уран сайхны удирдагчаас театрынх нь урын сан, бүтээлийн бодлого, ойрын ирээдүйн талаар тодруулахад “Бодож, төлөвлөсөн ажлуудаасаа товч дурдъя. Манайх Үндэсний урлагийн их театрын хувьд Монголынхоо хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдийг нэмж тавих л ёстой. Ардын жүжигчин Д.Лувсаншаравын “Сүнжидмаа” дуулалт жүжгээс авхуулаад олон бүтээл бий ч тухайлбал, алдарт Л.Мөрдоржийнхоос байдаггүй. Энэ найрал хөгжмийг санаачлан үүсгэн байгуулсан түүхэн уран бүтээлч түүний зохиосон дан хөгжмийг нь тоглосоор ирсний адил томоохон бүтээлээс нь үзэгчдэд хүргэх хэрэгтэй. Тийм учраас морин хуурын тухай “Хөхөө Намжил” дуурийг нь, хөгжмийг нь хөрвүүлэн бичих замаар тавьж болно гэж үзсэн. Бас үндэсний оркестрын хөгжимчин, хөгжмийн зохиолч, Гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар хөгжмийг нь бичсэн “Үйлийн гурван толгой” балетын жүжгийг манай оркестр 1987 онд анх тоглосон юм. Дуурийн театрт саяхныг болтол тэр л бичлэгээр уг балетыг тоглож ирсэн. Тэгэхээр энэ бүтээлийг ч гэсэн манайх ардын бүжгийн хэлбэрээр тайзнаа тавьж яагаад болохгүй гэж. Хөгжим нь өөрчлөгдөхгүй юм чинь. Бидэнд нөөц их бий. Ойрын ирээдүйд авдарт буй алтаа гаргаж ирнэ гэсэн бодлого баримтална” хэмээн ярилаа. Товчлон хэлэхэд, ҮУИТ-ынхан үндэсний хөгжмийн оркестрын нэгэн жарны түүхийг өгүү лэн хөгжимдөн, дуулах, бүжих өдрүүд айсуй.