Залуу уран бүтээлчид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Чимээгүй жүжиг” буюу сонсголын тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан хоёр хүний жүжгийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, театрын урлагийн нэгэн төрөл болох хоёр хүний жүжгийн төрлөөр сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан бүтээл туурвиж, дохионы хэлээр тоглох аж. Ингэснээр тухайн хэлээр ярилцаж, ойлголцдог иргэдэд театрын урлагаар дамжуулан урлаг, гоо зүйн таашаал, ёс суртахууны зөв хүмүүжил, төлөвшил олгох зорилготой гэнэ. Тус төслийн хүрээнд “Arig khan” продакшн “Хосгүй үзэсгэлэнт хэлгүй эхнэр”, Завхан аймгийн Хөгжимт драмын театрынхан зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” зохиолоос сэдэвлэн “Үндэс”, “Colcando” театр “Надад асуулт байна”, Дорноговийн “Саран хөхөө” театр Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн “Хэнд ч битгий хэлээрэй” жүжгийг тоглох аж.