Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон “Жангар” туулийг театрын тайзнаа хүүхдийн жүжиг болгон туурвиж, хүүхэд багачуудад хүргэжээ. Эл туулийг хүүхдийн жүжиг болгон хүргэснээр хүүхдүүдэд өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болон биет бус өвийн утга, бэлгэдэл, хэрэглээнд суралцаж, түүнийг өвлөн авч, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, чухал ач холбогдолтойг уран бүтээлчид онцолсон юм. “Жангар” жүжгийн продюсероор тус театрын дарга Г.Солонго, ерөнхий найруулагчаар ОХУ-ын ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуулийг төгссөн найруулагч Э.Ёндоншарав ажилласан бол дүрүүдэд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шагналт Ч.Лхагвадорж, Б.Сандуйжав, С.Нямжав, А.Цэрэнбалжир нарын уран бүтээлч тоглосон аж. Түүнчлэн уг жүжгийг МҮОНТ-тэй хамтран дэлгэцэд хөрвүүлжээ.
Бэлтгэсэн А.Тайшир