16 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадам ирэх зургадугаар сарын 11-нд болно. Тус наадамд оролцох уран бүтээл, уран бүтээлчдийг бүртгэж дуусжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын уран бүтээлчид, тодруулбал, зөвхөн Улаанбаатар хотод гэхэд УДЭТ-ынхан “Анна Каренина”, “Хаадын хаан: Андгүй”, “Альфа” театр “Фауст”, “Орфей” театр “Гэм зэм”, “Bee” театр “Хүн гөрөөс” тэргүүтэй жүжгийг үзэгчдэд хүргээд буй. “Гэгээн Муза” наадмын нэр дэвшүүлэх комисс энэ сарын 20-ноос ирэх дөрөвдүгээр сарын 30 хүртэл уран бүтээлчдээс ирүүлсэн мэдүүлгийг үндэслэн бүтээлүүдийг үзэж, наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад өрсөлдөх эрх олгох юм. Улмаар хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг ирэх зургадугаар сарын 6-10-нд наадмын шалгаруулах комисс шүүж, цомын төлөө өрсөлдөх уран бүтээлчдийг тодруулах аж. Өнөө жилийн хувьд хот, орон нутгийн театрууд болон гадаадын уран бүтээлчид 60 гаруй бүтээлийн мэдүүлэг ирүүлсэн аж. Тэдгээрээс драмын, хөгжимт, хүүхдийн, нэг болон хоёр хүний жүжгийн төрөлд шилдгийг шалгаруулна. “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа наадамд оролцох гадаадын уран бүтээлчид, зочин шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэмэх, илүү олон уран бүтээл хамруулах, залуу уран бүтээлчдийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулж буйгаа онцолсон. Түүнчлэн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын үеэр ахмад уран бүтээлчдээ алдаршуулан, “Хүндэт Муза” гардуулдаг уламжлалтай. Мөн шүүгчдийн нэрэмжит шагнал, шилдэг залуу уран бүтээлч, хүүхдийн оролцоотой онцлох бүтээлийг тодруулах юм.
Бэлтгэсэн А.Халиун