Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн постдрамын жүжгийн хэвлэлийн бага хурал Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д өнөөдөр болж, уг бүтээлийг цоо шинэ найруулгаар дахин “эх барьсан” тухайгаа танилцуулаа. Өөрөөр хэлбэл Раскольниковын шинэ өмгөөлөгч шүүх хурлын үеэр нэмэлт нотолгоо дэлгэх нь.
Жүжгийн ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч Мягмарнарангийн Батболд ажилласныг бид өмнө нь мэдээлсэн. Сургуулиа төгсөж, эх орондоо ирсэн даруйдаа “Фауст” жүжгээрээ өөрийгөө ямар найруулагч болохыг нотолсон удаатай.
Өнгөрсөн оны аравдугаар сард “Гэм зэм” жүжиг олны хүртээл болсон даруйдаа театрт дурлагсадын анхаарлыг “Орфей” театрт хандуулж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртээд амжсан юм.
Тийм дээ ч үзэгчдийн хүсэлтээр уг жүжгийг гуравдугаар сарын 3-27-ныг хүртэл өдөр бүр 19.00 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д дахин толилуулахаар болоод байна. Энэ нь найруулагчийн болон жүжигчдийн уран чадвар үзэгчдийн сэтгэлийг хэрхэн эзэмдснийг илтгэх буй за.
Жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ
Сонирхуулахад жүжигчдийн бүрэлдэхүүндээ “Орфей” театрынхан багахан өөрчлөлт оруулжээ. Танилцуулбал, Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд Гавьяат жүжигчин Г.Урнаа тоглож байсан бол энэ удаад мөн Гавьяат Б.Нармандах энэ дүрийг бүтээх нь. Сэтгэцийн эмч Зосимовын дүрд шинэ залуу жүжигчин Л.Дөлгөөн, мөрдөгч Порфирий Петровичийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Т.Ариунчимэг нар тоглохоор дүр дээрээ ажиллаж буй.
Харин Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд “Positive Mongolians”-н Д.Түвшинбаяр тоглож байсан. Энэ улиралд жүжигчин Э.Ууганбаяр тоглохоор болжээ. Тэрбээр хэлэхдээ “Хоёр удаа дүрийн урилга авсан ч хувийн шалтгаанаар амжаагүй. Хоёрдугаар улирлын тоглолтод оролцох болсондоо баяртай байна. Дүрээ аваад хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд сэтгэл зүйн болон үйл хөдөлгөөний эрх чөлөөг ихээр мэдэрсэн. Миний хувьд улсын яллагчийн эсрэг өмгөөлөгчийн дүрд тоглоно. Тэгэхээр Раскольниковыг гэмгүй гэдгийг нь нотлохын төлөө хичээх болно гэдгээ амлаж байна” хэмээв.
Жүжгийн тасалбар өмнө нь 100 мянган төгрөгөөр борлуулж байсан бол энэ удаад суудлын зэрэглэлээс хамаарч 100-50 мянга байх нь.
Ш.Доржсүрэн: Ф.М.Достоевсктэй хамт театраар дамжуулж “Бослого” гаргасан
Эргээд бодох нь ээ бид театраар дамжуулж, сэтгэл зүйн “Бослого” гаргасан гэх бодол төрөх болсон. Учир нь өнөөдөр Монголын нийгэмд юу хэрэгтэйг, олон түмэн юу хэлэхийг хүссэнийг нэгэн цул хүч болгоод Ф.М.Достоевсктэй нийлж, “Гэм зэм” жүжгээр нь илэрхийлсэн.
Жүжиг өөрөө амьтай. Зүгээр л нэг өнгөлөг, мөнгөлөг хавтас төдий зүйл биш. Бид ямар нэгэн хэлбэр хөөсөнгүй. Олны анхааралд өртөж, “Шинэ” юм хийж байгаагаараа далайлгах гэсэнгүй. Үзэгч та “Гэм зэм” хэмээх хавтсыг нээх төдийд цоо шинэ мэдрэмжийг авах болно гэдгийг амлаж байна.
Олон жил “Энгийн хүн, мэргэжлийн хүнээс илүү жүжиглэх тохиолдол гарч байсан. Мэргэжлийн жүжигчин хэрхэн тэднээс ялгарах юм бэ” гэж өөрөөсөө асуусаар ирсэн. Тиймээс зарим кино, жүжгээс татгалздаг, ганц нэгт нь оролцдог. Харин заримд нь урам хугардаг байлаа.
М.Батболд найруулагчийн “Гэм зэм” жүжиг бол мэргэжлийн жүжигчний ур чадвар чансааг шалгасан, шандас сорьсон уран бүтээл болсон. Тийм болоод ч тэр үү жүжигчний ажлыг амар хялбар мэт үнэлэх болсныг эвдэж өгсөн. Маш өндөр боловсролтой, мэргэжлийн, мэдрэмжтэй мөн бослогод орох хэмжээний жүжигчид энд цугларсан гэж ойлгож болно. Үүнийг ойлгуулж өгсөн М.Батболд найруулагчдаа баярлалаа.
Д.Лхагва: Урьд нь үзсэн хүмүүс өөр цоо шинэ мэдрэмж авах болно
Үзэгч олонд “Guys”-ийн гэдгээрээ танигдсан жүжигчин, найруулагч Д.Лхагва энэхүү жүжигт Раскольниковын дүрийг бүтээж буй. Тэрбээр хэлэхдээ “Найруулагч М.Батболд бэлтгэлийн үеэр “Лхагваа чи дахин төрөх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Би дүрээ бүтээхдээ хүн алсан гэхээсээ илүүтэйгээр шалтгаан нь юу байсныг бодож, тэр сэтгэл зүйгээ гаргахыг хичээсэн.
Манай багийнхан ч хичээсэн. Тиймээс жүжиг амжилттай болж, олон нийтийн дунд шуугиан тарьсан. Урьд нь үзсэн хүмүүс дахиад өөр цоо шинэ мэдрэмж авч, оюун санааныхаа хувьд нэг алхам ахих болно.
ОХУ-д Пушкины нэрэмжит карт гэж байдаг
Сэтгэл зүрхний боловсролыг олгодог гол нөлөөлөгч нь театр байдаг билээ. Нийгмийг соён гэгээрүүлэх, ирээдүй хойч үеийнхээ сэтгэл зүй, оюун санааг бэлтгэх үүднээс оюутан залуучуудад зориулж “IStudent” төслийг Орфей театр хэрэгжүүлж буй аж. Үүний хүрээнд “Урлагийн байгуулагын үзвэр, үйлчилгээг хямдралтай үнээр үзэх боломжийг олгож өгөөч” гэсэн хүсэлтийг Засгийн газарт гаргажээ.
ОХУ-д соёл урлагийг дэмжих чиглэлээр “Пушкины карт” гэж байдаг аж. 12-14 насныхан соёл урлагийн үзвэр үйлчилгээг хөнгөлттэйгөөр үзэх боломжийг олгох уг картад жил бүр монгол мөнгөөр 200 мянган төгрөг хийдэг. Одоогийн байдлаар 300-аас дээш соёл урлагийн байгууллага “Пушкины карт”-нд нэгдсэн байдаг аж. Хүүхэд залууст энэ картыг олгосноор соёлын байгууллагын хүссэн арга хэмжээнд оролцох боломж нээгддэг. Энэ жишгийн дагуу “IStudent” хэмээх картыг гаргажээ.
Михайл Афанасьевич Булгаковын “Мастер Маргерита” романыг тайзны бүтээл болгоно
Найруулагч М.Батболд өнөөгийн Монголын театрын монополь байдлыг халж, “Орфей” театрыг Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тусламжтайгаар 2020 оны гуравдугаар сард үүсгэн байгуулсан.
Энэхүү театрын гол онцлог нь нэг талаасаа олон улсын харилцаатай холбогдож буй. Тэр ч утгаараа Оросын сонгодог уран бүтээлийг энэ тайзнаа туурвихаар төлөвлөгдсөн. Нөгөө талаасаа залуу уран бүтээлчдийг дэмждэг, нийгмийн соён гэгээрэлд анхаарч ажилладаг гэдгээрээ онцлог давуу талтай театр юм.
Нэг нууц задлахад, ирэх аравдугаар сард XX-р зууны эхэн үеийн Оросын үргэлжилсэн үгийн зохиолч, театрын найруулагч Михайл Афанасьевич Булгаковын “Мастер Маргерита” романыг тайзны бүтээл болгохоор зорьж буй аж.