“Хотулун алтан судрын эрэлд” кино 72 дахь удаагийн “Berlinale-2022” кино наадамд оролцож байгаа бөгөөд, хоёрдугаар сарын 11-нд цахимаар нээлтээ хийгээд байгаа ажээ.
Энэ талаар зохиолч Б.Шүүдэрцэцэг цахим хуудастаа “Энэ жил “Berlinale-2022” шагнал гардуулах ёслолоос бусад үзэсгэлэн, кино зах зэрэг арга хэмжээнүүдээ онлайнаар зохион байгуулж байгаа юм байна. Дэлхийн А зэрэглэлийн “Berlinale” наадмын кино захад 532 кино оролцож байгаагийн дунд ганц монгол кино нь Хотулун гүнж юм.
“Berlinale film market”-д хоёрдугаар сарын 11, 14-нд дэлгэц авч үзүүлсэн кино нь олон дистрибьютерээс худалдан авах санал хүлээн авч, эхний гэрээгээ үзэглэх гэж байна. Тун удахгүй, Чингис хааны 5 дахь үеийн угсаа бөх гүнжийн гайхамшигт түүх олон улсын зах зээлд хөл тавих нээ” хэмээсэн байна.
Сонирхуулахад, “Хотулун гүнжийн талаар Персийн бичгийн их хүн Рашид ад дин Судрын чуулгандаа онцлон тэмдэглэсэн байдаг бол Италийн аялагч Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" номдоо Хайду хааны охин, энгүй хүчит, гоо үзэсгэлэнт гүнж буй хэмээн бичиж үлдээжээ. Түүх шастираас өрнө дахины зохиолчид Хотулун гүнжийн түүхийг олж Францын зохиолч Франсуа дө Лакруа үлгэр бичиж, Италийн зохиолч Карло Гоцци жүжиг болгон Германы Веймар хотод тоглуулсан нь бий. Энэ бүх бүтээлүүдээс сэдэл авсан Италийн суут хөгжмийн зохиолч Пуччини Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэн Турандот дууриа бичжээ.