Хүний эрхийн үндэсний комиссоос “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хэрэгжүүлж, 18 сумын 1244 туслах малчдыг судалгаанд хамруулжээ. Европын Холбооны санхүүжилтээр хийсэн эл судалгаа Монгол Улсад туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн түүвэр гэдгээрээ онцлогтой. Судалгааны зарим хэсгийг тоймлон хүргэж байна.
Судалгаанд хамрагдсан туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлого орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65.4 хувиар бага байжээ. Мөн туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай. Давхардсан тоогоор туслах малчдын 28 орчим хувь нь албадан хөдөлмөрийн золиос болж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Энэ нь тэдний хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхдээ хөлсөөр ажиллах гэрээгээр зүйлчлэх нөхцөлийг бүрдүүлж буй.
Ажлын байрны дарамт, ялангуяа хүч хэрэглэх, зодох зэрэг зөрчилд тэдний 3.6 хувь нь өртдөг. Ингэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ авахыг нь хориглож, зорчих эрхийг нь хязгаарладаг байна. Тэд ч ажлын байрны дарамтаас эмээж ажил олгогчдоо гомдол санал гаргах, шаардлага тавихаас зайлсхийдэг нь зөрчлийг улам даамжруулдаг аж.
Тэд хөдөлмөрийн зах зээлд албан бусаар хүлээн зөвшөөрөгдсөн цалин хөлсний хэм хэмжээг баримталдаг бөгөөд амралтын өдөргүй, ажлын тогтсон цаггүй гэр бүлийн гишүүд нь цалин хөлсгүй ажиллаж байна. Тухайлбал, туслах малчин өрхийн гурван хүүхэд тутмын хоёр нь эцэг, эхийн хүлээсэн үүргийн дагуу ажил олгогч өрхийн мал аж ахуйн ажилд нь цалин хөлсгүй ажилладаг байна.
Мөн туслах малчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэхэд хүндрэл үүсдэг байна. Өөр нэг ноцтой асуудал нь туслах малчид сонгуулийн өдөр, ажил олгогчтойгоо цуг явж саналаа өгдөг нь ажил олгогчийн зүгээс санал өгөх, сонголтод нөлөөлөх нөхцөл үүсдэг, “саналыг худалдаж авах” зэргээр улс төрийн эрхийг зөрчдөг явдал аж.