Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн бага хурал баасан гарагт буюу хоёрдугаар сарын 18-ны 11:00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д болохоор товлогдов.
Хэвлэлийн бага хуралд ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, гол дүрийг бүтээж буй жүжигчин Д.Лхагва болон Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, СТА жүжигчин Ш.Доржсүрэн, Г.Золзаяа, Х.Баярмаа, жүжигчин Б.Одгэрэл болон жүжгийн бүрэлдэхүүнд шинээр орж ирж буй жүжигчид оролцохоор болжээ.
Мөн хэвлэлийн бага хурлын дараа телевизүүдэд мэдээний дүрс авах боломж олгохын тулд жүжгийн сургуулилтын хэсгээс үзүүлэх юм байна.
Хүний амьдралын мөн чанар, сэтгэлзүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Достоевскийн хамгийн алдартай роман болох “Гэм зэм”-ийг “Орфей” театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа 2021 оны 11 нэгдүгээр сарын 25-нд толилуулж байсан юм.