МЗЭ-ийн шагналт зохиолч О.Энхжавхлангийн бүтээл “Цэнхэр бороотой захидлууд” юм. Тэрбээр өгүүллэгийн “Өөрийн хөрөг”, “Эмэгтэй хүний байшин”, “Багваахай гуниглах цаг”, “Мэрилэнд гудамжны эмэгтэй”, баримтат уран сайхны “Алтай нутгийн Миеэ эмч” ном, “Сэвэлзүүр салхи” тууж, “Тууль хайлах нутаг”, “Батаарын баатарлаг тууль” баримтат киноны зохиолоороо уншигчдад танил. “Дулмаагийн дурласан залуу” өгүүллэгээр утга зохиолын хүрээнийхнээс өндөр үнэлэлт авснаар зохион туурвиж эхэлсэн гэдэг.
Цав цагаан тэнгэр. Цэв цэнхэр дуслууд. Шар шүхэр барьсан тайрмал үстэй бүсгүй. Бүсгүйн баярлаж хөөрснийг ээ, нүд, уруул нь бараг зураас болчихож.
Түүний хүзүүнд зүүлттэй бурхны дүрийг хараад Дэндэв Сакураг сая л таньжээ. Энэ бурхныг Дэндэв гараараа цутгасан болохоор эндүүрэхийн ч эрхгүй юм.
Сарын дараа Сакурагийн хоёр дахь захидал нисээд ирлээ. Ахиад л цэнхэр бороо. Борооны дүрсгүйхэн дуслуудыг ажин зогсох тайрмал үст бүсгүйн цаана самбар, ширээ, хэдэн хөөрхөн, жижигхэн толгой үзэгдэнэ. Гадаа ямар гайхамшиг амилаад багшийг нь соронздоод буйг сониучирхсан дүрсгүй жаал хажуугийн цонхоор цухалзана.
Сакурагийн тухай “Багш дүлий хүүхдүүдийн сургуульд ажилладаг” гэж орчуулагчийн ярьж байсныг Дэндэв тодхон саналаа. Тэр зун хамаатны ахдаа туслахаар ойролцоох жуулчны баазад очиж, моринд хорхойссон гадаадынханд номхон хээрээ унуулж явахдаа Сакуратай танилцсан юм. Өглөө болгон харамч Бадарч гуайн хундага шиг жижигхэн япон бүсгүй халшралгүй ирээд Дэндэвийг дуудаж, номхон хээрт нь чихэр өгч үнсэнэ. Тэгэхэд Дэндэв бүсгүй рүү их хачирхангуй хардаг байлаа. “Хн, хүн байж мал, амьтан үнсэж үлгэдэг нь энэ газрын ёс юм байлгүй дээ”.
Чих хатуудаа зовонгуйрч, хэрийн хүнээс дөлсхийдэг Дэндэвийн япон найзтай болсон түүх ийм л энгийн.
Холын хүн, усны шувуу хоёр адилхан даа. Цагаа болохоор сэтгэл хоргодохгүй орхиод л нисчихнэ. Сакура ч мөн нэг л өглөө гараа далласаар одсон сон.
Царцаа царгиж, уналгын морьд тухгүйтэн холхихын үес жуулчны баазын хөл хөдөлгөөн татрав. Дэндэв ч дадсан сурсан ажилдаа талхиулж, хэн гуайн хадланг авалцаж, тэр гуайн хүүгийн хуримын бэлтгэлд дайчлагдан, тоож дуудсан бүхний гар хөлийн үзүүрт гүйсээр жавар цасны түрүүчтэй золгож, Зул сарыг хүлээн амсхийхийн зуур Сакурагийн захидлууд дардаг байгаа.
Хорвоогийн хаа нэгтээ байдаг хачин сонин амьтад, цэцэг навчны зурагт марктай, дээр нь үл таних бичиг дурайх анхилуун цааснууд Дэндэвт үлгэрийн орны гялбаа мэт санагдана.
Цэнхэр бороотой захидлууд өвөлжингөө цувлаа. Ичимхий, нэрэлхүүдээ дийлдсэн Дэндэв нэг ч хариу бичсэнгүй. “Дүлий Дэндэвт гадаадаас захидал тасардаггүй” тухай сургаар хаяа хатавчхан бараадаж суудаг дорой залууг хашир нэг нь хойморт залах болсныг анзаарахгүй л явлаа. “Япон найзын чинь захидлыг үзье” гэж үеийнхээ залуусыг царайчлан шалахад л Дэндэв эрс татгалзан толгой сэгсрэхдээ бусдаас нууж хааж, харамлах хөрөнгөтэйгөө ухаарчээ.
Өвлийн сарууд шувтрав. Яхир хаврын зүдэргээнт өдрүүд эхлэв. Тэнгэр, газар нийлсэн хуйсгануур өдрүүдэд ягаахан цэцэгсийн дунд цэнхэр цув, цагаан алчууртай зогсох Сакурад Дэндэв хэчнээн атаархав аа.
Юм нууц тусмаа үнэтэй, басхүү сэтгэл гижигддэг юмсанж. Сумын холбооны хүүхэн, түүний найз хоёр олон сар тэвчсэний эцэст Дэндэвийн нууцыг мэдэхээр эрслэн шийджээ. Анан хүлээсэн хүүхнүүд танил бичигтэй захидлыг ирсэн даруйд нь задалтал дотроос нь ганц хуудас цаас уналаа. Тэнд ганц ч үг, үсэг үгүй, гагцхүү тайрмал үстэй эмэгтэйн зураг байв. Эмэгтэйн биед ном, харандаа, сэнжтэй аяга тэргүүтнийг дүрсэлсэн нь хөдөөний хүүхнүүдэд үл ойлгогдом.
-Өөр юу ч алга уу? гэж нэгийгээ чамлангуй дуугарахад:
-Алга. Захидлыг нь задалсанд Дэндэв уурлана даа гэж шууданч бүсгүй халгангуй хэлжээ.
-Уурласан ч яадаг юм гэж нөгөөх нь бэлэн хариу бариад:
-Захиа ч гэж дээ, жаахан хүүхдийн зураг л байна даг. Дүлий Дэндэвтээ л үнэтэй юм биз. Тэгнэ ээ тэр. Би бүр гайхаад байсан юм. Ганц гадаад үг мэдэх байтугай монголоороо хоёр үг зөв биччихэж чадахгүй амьтан япон хүүхэнтэй захидлаар харилцаж байна гэхээр яагаад ч толгойд буугаагүй. Тэгсэн чинь жаахан хүүхэдтэй зурсан зургаа солилцдог байж шүү дээ чааваас… гэжээ.
-Хүний захидлыг дураараа үзэх хувийн нууцын хуулийг зөрчсөн хэрэг болно доо гэж холбооны хүүхнийг гэмшингүй учирлахад найз нь:
-Зүгээр ээ. Эргүүлээд наачихъя. Дүлий Дэндэв юу л мэдээ аж гэж ам таглав.
Харин Дэндэв тэдний хэргийг шууд л мэджээ. Гэхдээ өөрийг нь яах бол гэж тандах бүсгүйчүүдэд юу ч хэлсэнгүй, гунигтайхан харц чулуудчихаад гарч одлоо. Тэнэг мулгуугаараа дуудуулан амьдарсан гучаад жилд огт төрж байгаагүй гомдол дотроос нь төөнөөд байлаа. Тэр гомдол дотроос нь “Би чинь хүн шүү дээ. Та нартай л адилхан хүн. Яагаад намайг дандаа адалж гоочилж байдаг юм бэ” гэж цухалдан хатгавч угаас төрдөггүй уур хилэнг яалтай ч билээ.
Сакурагийн захидлыг нээтэл нөгөө л цав цагаан тэнгэр, тайрмал үстэй бүсгүй. Бүсгүйн цээжинд зураастай жижигхэн улаан зүрх ямар өрөвдмөөр, эмзэгхэн харагдана вэ. Түүнийг мэдэрч зогтуссан Дэндэв сая л дэндүү дотнохон цэнхэр бороог үгүйлэв. Тийм ээ, цэнхэр бороо алга, дуслын төдий ч үгүй. Харин бүсгүйн нүднээс цэнхэр нулимс дусаж байна. Тэр нулимсыг үзүүт Дэндэв өрөөл бусдын ижил махтай цустай, зүрхтэй сэтгэлтэй, хүсэлтэй мөрөөдөлтэйгөө, басхүү Сакурад захидал бичих ёстойгоо ухамсарлавай.
-Юу бичих вэ?
-Мэдэхгүй.
Дэндэв олон хоног бодсоны эцэст саахалтын жаалыг хэрэг болгон дуудлаа. “Сурлага сайтай” хэмээн шагшигддаг сөөсгөр жаалхүү Дэндэвийн үнэт эрдэнүүдийг түрэмгийхэн атгаад өнөөх этгээд бичгийг төвөггүйхэн хуулангаа “Таны найзыг Аяако гэдэг юм уу” гэж лавлахад “Сакура гэдэг” гэж Дэндэв итгэлгүйхэн бувтналаа. “Сакура гэдэг чинь Японд ургадаг цэцэг. Харин энд Аяако гэсэн нэр байна” гэж жаалхүү давилуухан өнгөөр хашгирах шахан хэлэхэд Дэндэв цочин навтасхийв.
Залуухан туслагчаа шан хөлстэй үдсэний дараа Дэндэв холбооноос худалдаж авсан цагаан уул цэцгийн хатаамалтай ил захидлыг дугтуйд хийгээд нямбайлан наалаа. Ямар нэртэй нь хамаагүй, харин түүнд цэв цэнхэр бороотой захидлуудыг илгээдэг тайрмал үст бүсгүйд очих хариу нь энэ болог.
Сакура одоо уйлахгүй ээ…