Сүхбаатар аймгийн Дарьганга сум Шилийн богд ууланд Сар шинийн баяраар 500 тээврийн хэрэгсэлтэй 2000 гаруй орчим хүн цуглаж, Торой бандийн хөшөөнд сүү, архи, хэвийн боов, мөнгө төгрөг зэрэг өргөл барьц өргөжээ. Иргэдийн өргөл барьцанд дарагдсан уг хөшөөг хэсэг залуус угааж цэвэрлэсэн байна...
Шинжлэх ухаан, технологийн эрин үед орчин үеийн хүний амьдралд нийцэхгүй зан үйл, мухар сүсэг нь нийгмийн сэтгэл зүй болоод, нэн ялангуяа байгаль орчинд сөргөөр нөлөөлж буйг амтай болгон ярьж хэлэлцэж байна. Энэ цаг үед МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэлтэй мухар сүсгийн талаар ярилцлаа.
-Мухар сүсэг гэж юу вэ
-Мухар сүсэг гэдэг ер бусын далдын хүч, байгалийн хүчинд нарийн эрэгцүүлж, дүн шинжилгээ хийлгүй, айдас түгшүүр, мунхаглал гэдэг юм уу, сэтгэлийн хөдөлгөөнд автан муу ёрыг буцаах, сайн зүйл, аз хийморь авчирна гэх гэнэн итгэл найдвар, бишрэл дээр тулгуурласан ойлголт, зан үйл юм. Өөрөөр хэлбэл мухар сүсгийн зан үйл нь учир шалтгаан, логик, шинжлэх ухааны мэдлэг дээр суурилаагүй, өөрийн мэдэхгүй зүйлдээ бусдыг мухар сохроор даган дуурайвар алдаатай, буруу, хуурамч, хэт туйлширсан үйлдэл болно.
-Монголын нийгэмд мухар сүсэг дэлгэрч, шашин болон уламжлалт зан үйлтэй хутгалдах болжээ. Чухам юунаас болж ийм байдал үүсэх болов?
-Иргэд Монголын түүх, соёл уламжлал, хорио цээр, бэлгэдэл ёсны тухай мэдлэг байхгүй. Судлая гэж ч боддоггүй. Зүгээр л бусдыг даган дуурайх, цуу ярианд итгэх байдал газар авчихсан. Хувь хүмүүс өөрсдийн шүтэж буй шашны номлол сургаал, ертөнцийг үзэх үзэл, зан үйл, бэлгэдлийн утга учрыг тэр бүр тодорхой мэддэггүй. Иймээс иргэд хэн нэгний хэлсэн зүйлд сохроор итгэж, мухар сүсгийн зан үйл хийж буй. Мөн амьдралд тохиолдох эрсдэл, зовлон бэрхшээлийг эрүүл саруул, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр давж гарахаас илүү ер бусын далдын хүч, онгод, сүнслэг хүч, энерги, аура зөн билиг, мэргэ төлөг, ид шидийн аргаар шийдэх гэж оролдох болсон нь ажиглагддаг.
-Иргэд чухам яагаад мухар сүсэгт итгэж байна вэ?
-Ажлын уулзалт, гадаад оронд зорчих визний ярилцлага, шалгалт шүүлэгт орох, шүүх хурлын үед хүний амьдралын чухал шийдвэр гарах, өөрчлөлт бий болох зэрэг эгзэгтэй мөчүүдийн өмнө, амьдралын зовлон бэрхшээл эрсдлийг хохирол багатай давж гарахын тулд аз, ажил үйлс бүтнэ хэмээн итгэж мухар сүсгийн шинжтэй зан үйл үйлдэж байна.
Мэдэхгүй юмаа шүтэх нь амьдралын зөв гарц биш. Энэ бол мухар сүсэг. Мухар сүсэгт итгэж амьдралынхаа чухал асуудлыг шийдэх хэрэггүй.
Та иргэд хэн нэгний хэлсэн зүйлд сохроор итгэж, мухар сүсгийн зан үйл хийж байна гэж дээр дурьдлаа. Сүүлийн үед бусдын оюун санааг муйхруулагч хүмүүс их болсон. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Ер бусын далдын хүч, оюун санаа, эрдэм мэдлэгийг бусдаас илүү эзэмшсэн гэж өөрөөрөө бахархдаг хүмүүсийг “Spiritual narcissist” гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс монголд дэлгэрсэн олон шашны зан үйлийг уламжлалт байгаль шүтлэгийн зан үйлтэй хольж хутган янз бүрийн “өвөрмөц, онцгой, шинэ, зохиомол мухар сүсгийн чанартай үйлдлийг” олон нийтийн дунд дэлгэрүүлэх болсон.
Ер нь зонхилох шашны идэвх, нийгмийн байр суурь, хүч нь сулрахтай зэрэгцэн хүмүүсийн оюун санаа, итгэл үнэмшлийг бизнесийн ашиг сонирхолоор ашиглах гэсэн “тоглогчид” өөртөө гоё нэр өгч гарч ирж байна. Тэд тоглоомын дүрмийг бий болгож, иргэд ч мэдлэггүйгээс тэдэнд ханддаг болжээ.
Шашны зан үйлдээ хэт итгэн, хэт туйлширах, мэдэхгүй байж итгэж үйлдэл хийхийг мухар сүсэг гэнэ.
Улс төрч, гүн ухаантан, уран илтгэгч Марк Туллиус Цицерон
-Торой бандийн хөшөөнд сүү, архи, хэвийн боов, мөнгө төгрөг зэрэг өргөл барьц өргөсөн тухайд та юу хэлэх вэ?
-Эрт дээр үед Монголчууд уул овоог бохирдуулах нь битгий хэл өөрийнхөө буусан буурь хөдөө нүүдэлчин айлууд бүгдийг нь цэвэрлээд бараг айл байгаагүй юм шиг ингэж явдаг. Гэтэл өнөөдөр өөрсдийнхөө тахиж шүтдэг уул овоог хогийн цэг болгох хэмжээнд хүрч байна. Энэ бол аливаа зүйл туйлширахаараа ёс журам хэм хэмжээгээ алдахаараа мухар сүсэг болоод байна.
-Мухар сүсгийн хор нөлөө нь юу байна вэ?
-Уул усыг тахиж шүтэх нэрээр байгаль орчныг бохирлож, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Элдэв зан үйл, тахилга, мэргэ төлөг, далд ухамсарыг сэргээх нэрийн дор олон нийтийн хүсэл сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн итгэл бишрэлээр тоглон, олз ашиг олох нийгмийн хэсэг бүлэг бий болж, хүмүүст бие сэтгэл эд материалын хохирол учруулж байна. Тиймээс аливаа нэгэн зан үйлийг хийхээс өмнө учир холбогдол, шалтгааныг нь урьдчилан тайлж байж хийх нь зөв. Түүнээс хэн нэгэн “Spiritual narcissist” эсхүл туйлшрагчийн үгээр үг хийх нь эрсдэл дагуулдаг.