Лондоны амьтан судлалын нийгэмлэгийнхэн Архангайн ЗДТГ болон БОАЖГ, “Бяцхан чулуут”, “Тэмээн чулуу”, “Арцат”, “Буурал хангай”, “Могойнхон”, “Баянбулаг”, “Өгөөмөр” зэрэг ойн нөхөрлөлтэй хамтран тус аймгийн Булган сумын Баянбулаг, Тамир багийн нутагт ойн цэвэрлэгээ хийж байна. Тэд өнгөрсөн жил ч тус сумд ийм үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэндээс бэлтгэсэн модоо түлшний хомсдолтой айлуудад үнэгүй тарааж байжээ. Харин энэ удаа зах зээлийнх нь ханшаас хямдаар худалдахаар төлөвлөжээ. Тухайлбал, нэг тэвш модыг 150 мянган төгрөгөөр худалдан авах боломжийг иргэдэд олгосон аж. Тэрчлэн цэвэрлэгээний ажилд сайн дураар оролцсон иргэдэд түлшний мод бэлтгэж, нөөцөлж авах эрх олгож буй гэнэ.
Архангай аймгийн БОАЖГ-ынхан “Коронавирусийн улмаас зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим үйл ажиллагааг хориглосны улмаас өнгөрсөн жил олон айл түлшний хомсдолд орсон. Тиймээс орон нутгийн засаг захиргааны байгууллага болон ойн нөхөрлөлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ийм санаачилга гаргаж, анх хэрэгжүүлсэн. Өнөө жил хориг хязгаарлалтгүй учраас түлшний хомсдол харьцангуй бага буй. Тиймээс Сар шинийн баярыг тохиолдуулан айлуудад хямдралтай үнээр өгөхөөр болсон юм. Иргэд болон нөхөрлөлүүд ойн цэвэрлэгээнд идэвхтэй хамрагдсаар байна” гэв.
Ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлттэй холбоотой шүүмжлэл байнга гардаг. Хууль ёсны дагуу ажиллаж байна уу, тэндээс бэлтгэсэн мод “хаашаа оров” гэхчлэн иргэд харддаг. Тэгвэл бусад аймаг дахь нөхөрлөлүүд цаашид яг ийм жишгээр иргэдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа сайжруулан, айлуудыг түлшний модоор хангах боломж бийг ойн салбарын нэгэн судлаач онцлов. Үүнийг хэрэгжүүлснээр мод хууль бусаар бэлтгэх зөрчил ч тодорхой хэмжээнд буурна хэмээн дүгнэж байна.