Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ. Элчин сайд уулзалтын эхэнд "БНХАУ байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг тэргүүлэх чиглэлээ гэж үздэг. Тиймээс тухайн улсын аж ахуйн нэгжүүд энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байгааг онцолжээ. Мөн БНХАУ 1978 оноос хойш сүүлийн 40 орчим жил ойжуулах ажлыг төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж нэг сая хавтгай дөрвөлжин километр талбайг ойжуулсаныг Элчин сайд дурдаад энэхүү туршлага, мэдээллийг солилцон хамтран ажиллах бүрэн боломж байгааг дуулгажээ.
БНХАУ-д Монгол Улсаас суралцаж буй оюутнууд дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг аж. Тэгвэл цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой аж. Улмаар ойжуулалт, цөлжилтийг бууруулах ажилд боловсон хүчин бэлтгэх, ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйд талаад санал нэгдсэн байна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол орны цөлжилтийг бууруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Хятад улсын цөлд мод ургуулж байгаа сайн туршлагыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Мөн Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичгийг Монгол Улсын БОАЖЯ, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хороонд байгуулахаар боллоо. Элчин сайд Т.Бадрал Монгол Улсад аялах Хятадын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Үүнд чиглэсэн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн хамтран ажиллахад бүх талаар дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэв.