Боловсрол шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, дараах асуудлыг шийдвэрлэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан байгуулж, тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.
Мөн энэ үеэр Байнгын хорооны нэгдүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.
Тус байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэхээр болов.