Казахстанд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд Засгийн газраа огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр орон нутгийн “Kazinform” мэдээллийн сайтад Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон талаар мэдээлжээ.
Уг нь Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нөхцөл байдлыг судлах комисс байгуулахыг үүрэг болгож, улмаар энэ сарын 4-нд буюу мягмар гарагт Казахстаны эрх баригчид жагсагчдад буулт хийж, хийн үнийг литр тутамд 50 тенге /0,11 орчим ам.доллар/ болгож бууруулахаа амласан байна.
Мөн тэрбээр ард иргэддээ хандаж үг хэлэхдээ, хянамгай хандаж, дотоод болон гадаад өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалжээ.
Улмаар Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт өнөөдөр гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилсон байна.
"Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай" гэж зарлигт дурджээ.
Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл Засгийн газрын гишүүдэд бүрэн эрхээ үргэлжлүүлэхийг даалгажээ.