Суданы Ерөнхий сайд Авдала Хамдок цэргийхэнтэй тохиролцсон гэрээний дагуу албан тушаалаа эргүүлэн хашиж эхэлснээсээ хойш хоёр сар ч хүрэхгүй хугацааны дараа огцорч буйгаа мэдэгдлээ.
Аравдугаар сард Армийнхан төрийн эргэлт хийж, Засгийн газрын эрхийг булаан аван, Хамдокийг гэрийн хорионд оруулж байв. Тухайн үед Хамдок төрийн эргэлтийн удирдагчтай эрх мэдлээ хуваах гэрээ байгуулж, эргэн суудалдаа сууж байсан билээ.
Харин энэхүү хэлэлцээр иргэний засаглалыг бий болгож чадамжгүй учир Ардчилалыг дэмжигч олон мянган эсэргүүцэгчид уг гэрээний эсрэг жагсаал хийж, үүний улмаас хоёр хүн алуулсан байна.
Ноён Хамдок "BBC" телевизээр хэлсэн үгэндээ "Судан аюултай эргэлтийн цэгт байна. Энэ нь улсын бүрэн бүтэн оршин тогтнолын эсрэг заналхийлж байна" гэжээ.
Мөн тэрбээр Суданыг "гамшгийн тал руу гулсахаас" зогсоохын тулд бүх зүйлийг хийсэн ч тийм зүйл болоогүй". Тиймээс би албан тушаалаасаа огцрохоо зарлаж, эрх мэдлээ өөр нэгэн хүнд шилжүүлж, тэрхүү хүнд энэ эрхэм улсыг иргэний ардчилсан улс болгоход нь туслахаар шийдсэн" гэдгээ онцоллоо.