Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулах шинжээчдийн багийн 10-р хэлэлцээ боллоо Хэлэлцээг 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд цахимаар зохион байгууллаа. Тус хэлэлцээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин зөвлөх Айдар Абишев, ХХАНХЯ-ны Нийгмийн даатгал, нийгмийн болон тэтгэврийн үндсэн хангамжийн бодлогын газрын дэд дарга Мусина.А.Ш. болон холбогдох бусад албан тушаалтнууд, манай улсын талаас ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нар болон холбогдох албаныхан оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хоёр улсын холбогдох яам, төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг Хэлэлцээрийн төсөлд тусгах асуудлыг хэлэлцэв. Шинжээчдийн баг Хэлэлцээрийн төсөлд өөрийн улс дахь гол яамдаас дахин санал авах ба уг саналыг хэлэлцээрийн төсөлд тусгахтай холбоотой дараагийн шатны хэлэлцээг 2022 оны гуравдугаар сард багтаан зохион байгуулахаар товлов. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгаа хангагдах нэн чухал ач холбогдолтой юм.