2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн цахимаар хүлээн авахыг Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдлээ. Учир нь Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан.
Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж эхэлжээ. Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн.
Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байсныг тус газраас мэдээллээ.
Тиймээс гадаадын иргэнийг уригч та, immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг тэд зөвлөлөө. Мөн баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу татгалзахыг анхааруулав.