УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцээрийн хүрээнд хил дамнасан дундын чөлөөт бүс байгуулах яригдаж буй. Шадар сайд С.Амарсайхан энэ талаар "Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг хоёр улсын Засгийн газар хамтарч судална гэж анх тохирсон. Хил дамнасан чөлөөт бүс байгуулна гэснийг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж шинэчлэн найруулсан. Хэрэв дамнасан байдлаар зохион байгуулвал нэгдсэн хууль дүрмээр аль аль талдаа эрсдэлтэй байна. Тиймээс хилийн асуудал буюу хоёр талын аюулгүй байдлын асуудал үүсэхгүй. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулагдсанаар хоёр талдаа хоёр тусдаа чөлөөт бүсийн үйл ажиллагаа явуулна. Замын-Үүд талд 900 га газар, Эрээн талдаа 903 га газартай байх юм. Хилийн зурваст орох, халдах асуудал байхгүй. Хилийн зурвасаас 800 метрийн зайд хоёр чөлөөт бүс үйл ажиллагаа явуулна. Чөлөөт бүсийг авто зам болон бусад нэвтрэх сувгуудаар холбоно. Манай талаас нэг сар, нэг жилийн өмнө ч гэсэн чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүрэн жигдрүүлэхийн төлөө бүх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа" гэх мэдээлэл өгсөн юм.