Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын суралцагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний үнэлэмжийг өсгөх, мэргэжлийн бахархлыг бий болгох зорилго бүхий Монгол ур чадвар тэмцээнийг ХНХЯ, МБСҮМАЗТөв, Мэргэжлийн Боловсрол сургалт түншлэл ТББ, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо зэрэг байгууллагууд 2013 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна.Монгол ур чадвар 2021 тэмцээнийг 7 мэргэжлээр 2 үе шаттай зохион байгуулсан ба шилдгээр шалгарсан оролцогчид 2022 оны 10 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоно. 2021 оны арванхоёрдугаар сарын 15-17-ний өдрүүдэд Барилгын Өрөг угсрагч, Цахилгаанчин, Сантехникч мэргэжлийн шилдгээ тодруулсан бол Гагнуурын мэргэжлийн шалгаруулалт нийт 4 хоног үргэлжилж дэлхийн ур чадварын тэмцээний иж бүрэн 4 модулийг гагнуурын 4 төрлөөр гагнаж өрсөлдлөө. Тэмцээний ялагчдад УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Х.Ганхуяг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа шагнал гардууллаа.
• Гагнуурчин мэргэжлийн шилдэг оролцогч Герман-Монгол мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч Дашдондов овогтой Амаржаргал;
• Токарьчин мэргэжлийн шилдэг оролцогч Дорнод аймаг дахь политехник коллежийн суралцагч Галхүү овогтой Очбаатар;
• Мужаан мэргэжлийн шилдэг оролцогч Завхан аймаг дахь политехник коллежийн суралцагч Гүншир овогтой Хатанбаатар;
• Өрөг угсрагч мэргэжлийн шилдэг оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч Отгонбаатар овогтой Нармандах;
• Сантехникч мэргэжлийн шилдэг оролцогч Техник, технологийн политехник коллежийн суралцагч Ганхуяг овогтой Адъяадорж
• Цахилгаанчин мэргэжлийн шилдэг оролцогч Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч Ариунаа овогтой Шинэхүү;
• Тогооч мэргэжлийн шилдэг оролцогч Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Самдан овогтой Өсөх-Ирээдүй;
Мужааны ур чадварын үнэлгээ Техник Технологийн Политехник коллеж дээр 12 дугаар сарын 15,16-ны өдөр зохион байгуулагдаж тус сургууль Мужааны мэргэжлийн чадамжийн төвийнхөө нээлтийг хийсэн. Уг төвийг ГОУХАН-ийн Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт төсөл байгуулж өгсөн ба сургалт болон олон улсын тэмцээн зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн байна. Мужааны ур чадвар шаардсан 3D төслийн модон хийцийг 13 цагийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Тогоочийн мэргэжлийн ур чадварын үнэлгээнд 14 сургууль өрсөлдсөн ба хоол үйлдвэрлэлийн нарийн технологи ажиллагаа шаардсан 6 төрлийн даалгаврыг 7 цагийн хугацаанд гүйцэтгэсэн байна. CNC Токарийн төрлийн оролцогчид олон улсын тэмцээний стандартын дагуу даалгавар биелүүлсэн ба Металл боловсруулах инженерчлэлийн холбоо 2015 оноос хойш CNC Токарийн үндэсний аваргыг “Worldskills” дэлхийн ур чадварын тэмцээнд бэлтгэн амжилттай оролцуулж ирсэн. Жил ирэх тусам Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын оролцоо, идэвх өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэхүү тэмцээнээр оролцогч хүүхдүүдийн ур чадвараас гадна багшийн ажлын үр дүн улсын хэмжээнд үнэлэгдэн гарч ирдэг.Энэ удаагийн ур чадварын үнэлгээний өмнөх бэлтгэл нь өрсөлдөгчид 2 долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийснээрээ онцлог байлаа.Монгол Улс анх удаа 2015 онд Бразил улсын Сан Паоло хотод зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцож байсан ба түүний дараа 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцсон билээ.