1921 онд Ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг байгуулснаар орчин цагийн худалдааны салбар үүссэн түүхтэй. Эл салбарын 100 жилийн ойд зориулж ХХААХҮЯ, МҮАҮТ хамтран түүхэн бүтээлийн танилцуулга, үзэсгэлэнг зохион байгууллаа. Тодруулбал,
- “Монгол Улсын худалдааны салбар 100 жил” хэмээх баримтат киног Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдорж бүтээж, өчигдөр тус түүхэн киноны нээлтийг хийж, үзэгчдийн хүртээл болгов.
- Мөн “Монголын худалдааны түүхийн сургамж” хэмээх номыг УИХ-ын гишүүн, Худалдаа бэлтгэлийн яамны сайд асан, гавьяат эдийн засагч, доктор Б.Шаравсамбуу бүтээж, уншигчдын хүртээл болголоо.
- “Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” сэдэвт 1090 дахь шуудангийн марк үнэт цаасыг "Монгол шуудан" ХК, зураач Б.Баярхүү, дизайнер Ж.Ганхуяг нар шинээр бүтээсэн. 45х33 мм хэмжээтэй энэхүү маркийг 11 000 ширхэг хэвлэсэн байна.
- Түүнчлэн Монголын худалдааны түүхийг харуулсан үнэт ховор гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.