Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тохиож буй гэнэ. Эл өдрийн тохиолдуулж энэ сарын 15-нд "Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэнэ. Мөн 16-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг худалдааны салбарын өнгөрсөн түүхийн үйл явц, одоо болон ирээдүйн хөгжлийн ойлголтыг багтаасан “Худалдааны түүхийн сургамж” номын нээлт болох гэнэ.
Түүнчлэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдоржийн бүтээсэн “Худалдааны салбарын 100 жил” хэмээх түүхэн баримтат киноны нээлт болох аж. Мөн Монгол шуудан ХК-аас бүтээсэн “Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” сэдэвт шуудангийн марк, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас худалдааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах талаар албаныхан мэдээллээ.