БНХАУ-ын Эрээн хотын удирдлага "Ковид-19"-ийн халдвар гарсан шалтгаанаар аравдугаар сарын 14-нөөс эхлэн хилээ хаасан. Манай Гадаад харилцааны яамныхан, Улсын онцгой комиссынхон БНХАУ-ын талтай удаа дараа хэлэлцээр хийж, нааштай хариу өгсөн гэх авч, ажил хэрэг болсон нь үгүй, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэд бухимдсан хэвээр өдөр хоногийг өнгөрүүлж буй. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 5-нд Эрээний хил нээнэ хэмээсэн нь талаар болсон. Хэдхэн хоногийн өмнө Гадаад харилцааны сайд Б.Мөнхжин Замын-Үүдэд ажиллаж, БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Яньжүнтай хэлэлцээр хийн, Эрээний хил нээхээр болсон тухай мэдээлэл өгсөн. Эрээн хотынхон арванхоёрдугаар сарын 10-нд хилээ нээсэн ч гурав хонолгүй буцаагаад хаачихлаа. Улмаар хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсжээ.
Одоогийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод дараах үйл явдал өрнөж буй гэнэ.
1. Шилийн гол аймгийн намын дарга тэргүүтэй ажлын баг төлөөлөгчид өнөөдөр шалгалт хийж айлчилж байна.
2. Бээжин хотоос эрүүл мэнд, халдварын эмч, хил хорио цээрийн мэргэжлийн баг мөн ирсэн үзлэг шалгалт хийж буй. Эрүүл мэндийн баг урьдчилсан байдлаар хилийн боомтыг нээж, хэвийн ажиллуулах боломжгүй гэж үзжээ.
3. Эдгээр багуудын хамтарсан хурал маргааш болно. Үүгээр эцсийн шийдвэр гарна.
Товчхондоо, БНХАУ-ын талаас Эрээн Замын-Үүдийн чиглэлийн боомтыг нээсэн гэж албан ёсоор зарлаагүй. Хэвийн ажиллаж болно гэж зөвшөөрөл өгөөгүй. Монгол Улсын талтай одоогоор эцэслэн тохирсон зүйлгүй байна.