Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Уусан бол бүү жолоод" аяныг энэ оны арванхоёрдугаар сарын 10-аас 2022 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулж буй талаар ТЦА-аас мэдээллээ.
Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 404 зөрчил бүртгэгджээ. Үүнээс 1312 нь зам тээврийн осол гаргаж, 95 хүн амиа алдсан байна. Харин сүүлийн таван жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157 мянган зөрчил бүртгэгдсэн бөгөөд үүний 4985 нь зам тээврийн осол гаргасан аж. Эл хэргийн улмаас 588 хүн амиа алдсан талаар албаныхан мэдээллээ.
ТЦА-ны дэд дарга, хурандаа С.Жавхлантбаатар "Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна. "Ганцхан удаа" гээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж олон бяцхан үрс эцэг эхээсээ хагацаж байгаа гэдгийг бүү мартаарай" хэмээв.