Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотын консул Ц.Өнөрзаяаг эргүүлэн татахаар болжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн эрх хэмжээний хүрээнд консул Ц.Өнөрзаяаг шууд эргүүлэн татах юм байна. Харин Н.Эрдэнэтуяаг эргүүлэн татах эсэхийг томилсон албан тушаалтан нь шийднэ.
Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гаригт хүргүүлжээ. Хэрвээ Ерөнхийлөгч уг саналыг дэмжвэл УИХ-д оруулах бөгөөд Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэр гаргах юм.
Тэднийг БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэргийг мэдээгүй болон монголчуудын эрх ашгийг хамгаалж, бүрэн төлөөлж чадсангүй хэмээн үзэж хариуцлага тооцон эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.
БНСУ дахь элчин сайд Н.Эрдэнэтуяаг өнгөрсөн оны тавдугаар сард албаа авсан бол Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа 2020 оны арванхоёрдугаар сард томилогдож байжээ.