Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Ховд их сургуулийг баруун бүсийн судалгааны их сургууль болгохын тулд бодлогоор дэмжин ажиллахаар болжээ. Энэхүү бодлогын хүрээнд дараах долоон арга хэмжээг авах шаардлагатайг БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр онцоллоо.
- Элсэлтийн тоог 2022-2023 оны хичээлийн жилд 2 дахин өсгөвөл оюутнуудыг боловсролын зээлийн санд хамруулах асуудал дээр бодит дэмжлэг үзүүлэх,
- Санхүүгийн байдал жигдэртэл тогтмол зардлыг тодорхой хугацаанд олгох,
- Багш нарт орон нутгийн нэмэгдэл, 5 жилийн нэмэгдэл, тэтгэвэрт гаргахад өгдөг нэмэгдэл зэргийг хуульд тусгуулан өгдөг болгох,
- Орон нутагт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрийн тооцоо судалгаа хийж мэргэжилтэн бэлтгэх, багшлах боловсон хүчинг сургахад анхаарах,
- Богино хугацааны хөтөлбөр сургалтыг олгох
- Цэргийн албан хаагчдад Ховд их сургуулийн багшаар ерөнхий эрдмийн хичээл оруулах,
- Боловсролын багц хууль, Дээд боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг судалж боломж бололцоог алдахгүй ажиллах шаардлагатай
Дээрх саналуудад тулгуурлан ирэх сарын 15 гэхэд хамтран ажиллах санамж бичгийг боловсруулахыг дэд сайд үүрэг болголоо.
Ховд их сургууль нь өнөөдрийн байдлаар нийт 186 багш, ажилтан, 1000 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 39 удаагийн төгсөлт хийж, бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр нийт 12690 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ.