“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас боловсруулан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулж өнөөдөр эхний 428 шилдэг хүүхдийг зарлажээ. Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулсны дараа зарлах гэнэ
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах зорилготой бөгөөд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.
Тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжих аж:
- Нэгдүгээрт, төрийн өмчийн их, дээд сургуулийн БШУЯ-ны баталсан бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.
- Хоёрдугаарт, бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид ЭЕШ-ын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.
Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм байна.
Хамрагдсан хүүхдийн болзол хангасан байдлаас хамааран аль улсад ямар мэргэжлээр суралцах нь хамаарах аж. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр дагуу зарлагддаг тэтгэлгийн болзлыг хангах, сонгон шалгаруулалтад тэнцэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг олгох гэнэ.
БШУ-ы сайдын тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагджээ. Үүнд ЕТГ, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, нийслэлийн Боловсролын газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумын төлөөллөөс гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, Сайн сургуулийг таны дэргэд ТББ-ийн тэргүүн П.Наранбаяр, “Tomyo Edu Tech”-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан уг ажлын хэсэгт багтжээ.