1993 оноос 650 гаруй Монголчууд Австралийн Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцжээ. Жил бүр зарлагддаг энэхүү тэтэглэгийн материалыг 2022 оны 2 дугаар сарын 1-нээс хүлээн авах бөгөөд магистрын түвшний тэтэглэг зарлаж байгаа аж. Энэ талаар Монгол дахь Авсрталийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшингээс тодрууллаа.
-Ямар шалгуураар тэтгэлэг олгох вэ?
-Магистрын түвшний тэтгэлэг учраас бакалаврын зэргийн дипломын голч дүн 3 болон түүнээс дээш үнэлгээтэй. IELTS-ийн 6-аас дээш түвшний оноотой байх шаардлагатай. Сүүлийн хоёр жил Монголдоо тасралтгүй ажиллаж амьдарсан, туршлагатай ийм хүмүүсийг хамруулах сонирхолтой байдаг. Мөн хүртээмжтэй байх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй, хөдөө орон нутгийн иргэдийг хамруулах сонирхолтой байдаг. Ажилласан жилийн шалгуурыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шаардахгүй. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, хувийн хэвшил, иргэний нийгэм эсхүл төрд гээд ер нь бүх хүмүүст нээлттэй.
-Тэтгэлэгт юу багтах вэ?
-Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгоно. Тэтгэлэгт дараах зардлууд багтана. Үүнд:
- Сургалтын төлбөр
- Хоёр талын нисэх онгоцны тийз
- Нэг удаа олгогдох суурьших олговор болох байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд
- Амьжиргааны зардал буюу яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
- Баримжаа олгох сургалтын зардал болох Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
- Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал буюу Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.
-Танайхаас англи хэлний сургалт зохион байгуулдаг гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?
-6 сарын англи хэлний сургалтад тэтгэлгийн шаардлага хангасан тэнцсэн боловч англи хэлний мэдлэг арай хүрээгүй хүмүүсээ хамруулдаг. Сургалтыг жил болгон Австралийн зарим их дээд сургуультай хамтарч зохион байгуулдаг.
-Тэтгэлэг авсан иргэд ямар чиглэлээр сурах боломжтой вэ?
-Улс төр, хүчний чиглэлээр магистрт сургах боломжгүй. Харин бусад бүхий л мэргэжлээр сурах боломжтой.
-Квотын хувьд?
-Австралийн Засгийн газраас явуулж байгаа тусламжийн төсвөөс хамаардаг. Энэ жилийн тухайд бол 45 хүний квоттой байгаа. Гэхдээ цар тахлаас шалтгаалж энэ тоонд өөрчлөлт орж магадгүй байна. Ирэх онд тодорхой болно.