Жил бүр манай улсын 22 оюутныг Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын түвшинд суралцуулах боломжтой аж. Үүнийг 40 болгож нэмэхийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Польшийн Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзах үеэрээ хүсчээ. Мөн эдгээр оюутны тодорхой хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн эзэд байх чиглэлээр санал солилцсон байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан 1+3, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, хамтарсан судалгаа хийх зэрэг чиглэлээр ажиллах боломжийн талаар энэ үеэр хэлэлцжээ.
71 жилийн түүхтэй Монгол, Польшийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, батлан хамгаалах, боловсрол, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засгийн салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байна. Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хот дахь Элчин Сайдын Яамаа 10 гаруй жилийн дараа буюу энэ оны 1 дүгээр сард дахин нээжээ.