Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл энэ онд хийх ажлынхаа 80 хувийг гүйцэтгэснээр ирэх хавар хүртэл зогсож байна. Тиймээс 2022 оны автозам тавих барилгын ажил эхэлтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуучин үндсэн трасс болон шинээр тавьсан замын хэсгээр харилцан зорчуулахаар зохицуулж буйг ЗТХЯ-аас мэдээллээ.
Тус чиглэлийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа тул авто замаар зорчих нийт жолооч, зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, авто замын нөхцөл байдалд тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж, авто замын нөхцөл байдлын мэдээллийг ирүүлэв.
Дарханы замын АХБ-ны төслөөр хэрэгжүүлж буй 1, 3 болон 5 дугаар багцын 24 сарын ажлын гэрээ ирэх сарын 31-нд дуусч байна. Мөн ЕСБХБ-ны зээлээр хэрэгжүүлж буй ажил энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусах, мөн 24 сарын хугацаатай гэрээ юм.