Монгол Улс, АНЭУ-ын хооронд хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорьж буй. Үүний хүрээнд Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Монгол-АНЭУ–ын бизнес форум”-ыг зохион байгуулав. Тус арга хэмжээнд Монгол, АНЭУ-ын 70 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалтууд хийв. Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үг хэлэв. Тэрбээр, хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх нөхцөл боломжууд энэ удаагийн бизнес форумаар нээгдэж буйг онцолсон юм. Мөн хоёр орны хамтын ажиллагаа цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөж байгааг онцлоод худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар илтгэл тавив. Арабын Нэгдсэн Эмират Улстай цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөдөг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2021 оны эхний 10 сарын байдлаар 6.74 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 10 сая ам.долларт хүрсэн байна.