БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагааны Хүчний штабт ажиллаж буй штабын болон холбогч офицерууд, штабын ахлагч нараас Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд соёл гэгээрлийн иж бүрэн техник хэрэгслийг хүлээлгэн өглөө. Цэргийн багийн бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, тэдний урлаг, уран сайхны авьяас, чадварыг хөгжүүлэх, соёл хүмүүжлийн ажлыг тасралтгүй зохион байгуулах, өөрийн эх орон, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг НҮБ-ын ажилтнууд, гадаад орнуудын иргэд, цэргийн алба хаагчдад сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглах энэхүү техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Жуба хотын дамжин өнгөрүүлэх баазад болсон уг ёслолын ажиллагааны эхэнд НҮБ-ын "UNMISS" ажиллагааны Хүчний штабт ажиллаж буй штабын офицер, ахлагч нарыг төлөөлж, хурандаа Д.Жавхланбаяр хэлсэн үгэндээ “Цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс үүргээ нэр төртэй гүйцэтгэх нөхцөлийг хангахад шаардлагатай чухал хүчин зүйлийн нэг нь сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилт бөгөөд бие бүрэлдэхүүний өдөр тутмын үйл ажиллагааг дүрэм, журмын дагуу зохион байгуулах, цэргийн алба хаагчийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, түүхт ой, тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд соёл гэгээрлийн техник хэрэгсэл хамгийн чухал шаардлагатай байдаг" гэдгийг онцолсон юм. Тэрээр сайтар бэлтгэгдсэн цэрэг үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдгийг тодотгоод цэргийн багийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Энэ үеэр мотобуудлагын батальоны захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Н.Гантөмөр "UNMISS" ажиллагааны Хүчний штабт ажиллаж байгаа офицер, ахлагч нарт талархсанаа илэрхийлж, энхийг сахиулах ариун үйлсэд нь амжилт хүсэв.