Хятадын эрчим хүчний хямрал бүтээгдэхүүний нийлүүлэлтийн дэлхийн сүлжээг тасалдуулж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд хүргэж болзошгүй хэмээн Британийн “Times” сонинд бичжээ. Тус улсын олон үйлдвэр сүүлийн үед үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүй байдалд орсон байна.
Нүүрсний хомсдолын улмаас Хятадын 20 орчим мужид цахилгаан хязгаарлаж хэдэн мянган аж ахуйн нэгж долоо хоногийн хоёр өдөр ажилладаг, эсвэл үйлдвэрлэлээ зогсооход хүрчээ. Энэ нь хэтдээ барааны нийлүүлэх сүлжээнд нөлөөлөхийн сацуу зах зээлд хомсдол үүсгэж, цаашлаад бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж болзошгүй. Хонконгийн ажилд зуучлах компанийн шинжээч Роберт Уолтерс Жон Мулелигийн тэмдэглэснээр өнөөгийн эрчим хүчний хямралын нөхцөлд Хятадад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ердийнхөөс хоёр дахин их хугацаа орж байна.
Хятадаас нийлүүлэх барааны тасалдал 2022 оны ихэнх хугацаанд үргэлжилж болзошгүй гэж Нидерландын ING банкны шинжээчид таамаглажээ. Үүний улмаас бараа бүтээгдэхүүний үнэ 10-12 хувиар өсөхийг Британийн “Entertainer” компанийн мэргэжилтнүүд тэмдэглэв.
Өнгөрсөн есдүгээр сард Хятадын 20 орчим муж, бусад бүс нутагт нүүрсний хомсдол, эрчим хүчний сүлжээний ачааллаас шалтгаалан цахилгааны хэрэглээг хязгаарлажээ. Хар мөрөн, Зилинь, Ляонин мужийн үйлдвэрүүд төдийгүй айл өрхүүдэд цахилгаан хязгаарласан аж. Зүүн болон өмнөд бүсийн эрчим хүч их хэрэглэдэг үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байх, эсвэл үйл ажиллагааг нь зогсоохыг үүрэг болгосон гэнэ.
Үнэ өссөн, экологийн стандартыг чангатгасан, мөн импорт тасалдсан нь нүүрсний хомсдол үүсэх гол шалтгаан болсныг “Жунсин зинвей” сонинд бичжээ. Эдгээр үйл явдалтай холбоотойгоор есдүгээр сард тус улсын нүүрсний импортын хэмжээ жилийн дундаж үзүүлэлтээс 76 хувиар нэмэгдэж, 32.88 сая тонн болсон байна.