БНСУ дахь ХНХҮТ-ийнхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон Солонгос улсад оршин сууж буй иргэддээ нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээг бусад байгууллагатай хамтран болон дангаараа тогтмол хэрэгжүүлж ирсэн. "Ковид-19" цар тахлын улмаас энэхүү үйлчилгээ түр завсарлаад байсан. Харин 2021 оны арваннэгдүгээр сараас эл үйлчилгээгээ сэргээжээ. Эхний удаа Пусан хотод суугаа Консулын газар, Төрийн банк, Хаан банк зэрэг газруудтай хамтран Өмнөд Чолла мужийн Гуанжү хот болон ойролцоох орон нутагт оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээг хүргэжээ. Эл өдөрлөгт уг төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн, мэргэжилтэн М.Гантулга, О.Даваажав, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн А.Лхагвамаа нар оролцож, 50 орчим иргэнд үйлчлэн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Иргэд хойшлогдсон цалин хөлсний маргаан, ажлын байр солих тухай мэдэгдлийн талаар, Монгол Улсын нийгмийн даатгалын хууль тогтоомж, тэтгэвэр, тэтгэмжийн талаарх мэдээлэл, зөвлөгөө, БНСУ-ын эрүүл мэндийн даатгал, нутаг буцах замын зардлын даатгал, оршин суух хугацаа дуусгавар болсны даатгалуудын талаарх зөвлөгөө мэдээллүүд авчээ. Үүнээс гадна нийгмийн даатгалын сайн дурын даатгалд шинээр хамрагдаж, нийгмийн даатгалын аппликейшний бүртгэл хийлгэн, баталгаажуулах талаар зөвлөгөө авсан аж. Цаашид эл зөвлөгөө мэдээллээ тогтмол үргэлжлүүлэх аж.