Хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улс дэлхий даяар цэргийн техник олноор нь экспортолдог байсан бол өдгөө ОХУ зэвсгийн худалдаагаар дэлхийд АНУ-ын дараа, хоёрдугаарт орсон хэвээр байна. Тухайлбал, пуужингийн довтолгооноос хамгаалах дунд болон алсын тусгалтай “С-400 Триумф” системийг авахаар арван улсын Засгийн газар гэрээ байгуулахад бэлэн байгаа тухай ОХУ-ын Цэрэг, техникийн хамтын ажиллагааны албаны захирал Дмитрий Шугаев мэдэгдсэн нь Америкийн цэргийнхнийг түгшээж буй тухай “National interest” сэтгүүлд бичжээ.
“С-400” нь Оросын мэргэжилтнүүд 1990-ээд оны эцсээр зохион бүтээсэн зенитийн пуужингийн хөдөлгөөнт систем юм. Гадаадын эхний худалдан авагч нь БНХАУ. Саудын Араб болон Энэтхэг сонирхдог. Турк улс эл системийг 2017 оны эцсээр худалдан авахыг оролдсоноор Америкийн “F-35” сөнөөгч нисэх онгоцны хөтөлбөрөөс хасагдах шалтгаан болсон. Өдгөө “С-400”-г авах хүсэлтээ өөр хэд хэдэн улс илэрхийлсэн ч нийлүүлэхэд тавих шаардлага, батлан хамгаалахын захиалга биелүүлэх Оросын хүчин чадал зэрэг шийдэх хэрэгтэй асуудлууд байсаар аж. Тиймээс гэрээ байгуулах тухай ярихад эртдэх гэнэ.
Чухам ямар улсууд хүсэлт тавьсныг ОХУ тодруулаагүй ч ойрын хугацаанд Беларусьт эл системийг нийлүүлэх нь тодорхой болжээ. Үүнээс гадна гадаадын худалдан авагчдын сонирхлыг дрон устгах чадвар сайтайгаа харуулсан, пуужин, их бууны “Панцирь-С” цогцолбор татаж байна.