Албан тушаалаа урвуулан ашигласан 200 орчим хүнийг “Талибан” хөдөлгөөнийхөн эгнээнээсээ хөөжээ. Тус хөдөлгөөнийхний эмхлэн байгуулсан, Афганистаны түр Засгийн газар Авлига авсан болон биеэ зохисгүй авч явсан хүмүүсийг халах комиссыг өнгөрсөн сард бий болгосон юм. БХЯ, ДХЯ, Аюулгүй байдлын үндэсний захиргаа гэсэн хүчний гурван байгууллагын ажилтнуудаас эл комисс бүрддэг аж. Ийм байгууллага бий болсноос хойш Афганистаны хотуудын хэв журам, сахилга сайжирсан гэнэ.
Харин талибууд эмэгтэйчүүдийн олонхыг хүмүүнлэгийн салбарт ажиллахыг хориглосон нь тус улсад нүүрлэсэн хямрал улам гүнзгийрэхэд хүргэснийг хүний эрхийн төлөө тэмцдэг “Human rights watch” байгууллагын илтгэлд дурджээ. Өнгөрсөн сарын 28-ны байдлаар тус улсын 34 мужийн гуравт нь л эмэгтэйчүүдийг хүмүүнлэгийн салбарт ажиллахыг албан ёсоор буюу бичгээр зөвшөөрсөн аж. Олон мужийнх нь нийгмийн ажилтан эмэгтэйчүүд гэр бүлийн гишүүн эрэгтэй хүний хамт явахыг шаарддаг нь хүндрэлтэй, эсвэл үүрэгт ажлаа гүйцэтгэх ямар ч боломжгүй болгодог гэнэ.
Аман шийдвэр буюу зөвшөөрлийн бичиггүй тохиолдолд эмэгтэйчүүдийг “Талибан” хөдөлгөөний зарим гишүүн мөрдөж, мөшгөдөг аж. Афганистан дахь НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөгч Салам Аль-Жанабигийн мэдэгдсэнээр тус улс дэлхийд хамгийн таагүй байдалтай орнуудын нэгд тооцогддог. Урьдчилсан таамгаас үзвэл Афганистаны хүн амын талаас илүү хувь нь цаашид өлсөж үхэхийн ирмэгт тулах аж. Тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлага дээд цэгтээ хүрэх гэнэ.