“Хоёр талын харилцааны асуудлаарх ОХУ-ын ГХЯ, АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчдийн оролцоотой шинжээчдийн зөвлөлдөх уулзалт энэ сарын дундуур гуравдагч улсад болно” гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдэв.
Түүний хэлснээс үзвэл дипломат болон консулын байгууллагын ажлын талаар АНУ ОХУ-тай тохиролцох хүсэлгүй байгаа ч уулзалтын үеэр визийн асуудлыг нэн түрүүнд хэлэлцэх гэнэ. Америкийн тал эхний алхам болгон Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэстээ ажиллах боловсон хүчнийхээ тоог нэмэн, иргэдэд үйлчилж, визийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа аж. “Улс төрийн хүсэл зориг байвал үүнийг хэдхэн хоногийн дотор хийж болно” гэж С.Рябков хэлжээ.
Вашингтон Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, дипломат ажилтнуудыг нь дахин хөөсний хариуд Москва ОХУ болон бусад орны иргэдийг Америкийн дипломат төлөөлөгчийн газруудад ажилд авахыг хязгаарласан юм. АНУ-ын ЭСЯ өнгөрсөн тавдугаар сарын 12-ноос консулын үйлчилгээнийхээ тоог бууруулж, тэр дундаа дипломатаас бусад визийн бичиг баримт хүлээж авахаа түр зогсоосон билээ. Дипломатчдад виз олгох ажил ч нэлээд удааширчээ. Өнгөрсөн наймдугаар сарын 1-ээс хойш Москва дахь Америкийн ЭСЯ сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн цөөн буюу 120 хүнтэй ажиллаж буй аж. Үүний сацуу Америкийн ЭСЯ-ыг иргэдийнхээ оролцоотойгоор 455 дипломатчийн квотоо гүйцээхэд хэн ч саад болохгүй гэж ОХУ-ын ГХЯ-наас мэдэгдсэн байна.
Нөгөөтээгүүр, стратегийн тогтвортой байдлын асуудлаарх ээлжит зөвлөлгөөнийг ирэх оны нэгдүгээр сард хийж магадгүй тухай Сергей Рябков мэдээлснийг ТАСС агентлаг уламжиллаа. Швейцарын Женев хотод өнгөрсөн зургадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Вашингтоны засаг захиргааны тэргүүн Жозеф Байден нар стратегийн тогтвортой байдлын талаарх сэргээхээр тохиролцсон юм. Үүнээс хойш зөвлөлдөөн хоёр удаа буюу өнгөрсөн долдугаар сарын 28, есдүгээр сарын 30-нд зөвлөлдөөнөө болсон билээ.