Өнгөт арьст, Ази-Америк гаралтай, эмэгтэй Мишель Ву Бостон хотын даргаар сонгогдсон нь тус хотын 199 жилийн түүхэнд тохиож байгаагүй үйл явдал боллоо.
Өнгөрсөн мягмар гарагийн орой Ву дэмжигчидээ хандан, үг хэлэхдээ, "Энэ саналын хуудас дээрх сонгуулийн дүн бол миний төсөөлөл биш, харин биднийх байсан гэдгийг хэлмээр байна" гэжээ.
Бостон хотын зөвлөлийн зөвлөлийн гишүүн Араб-Польш гаралтай Аннисса Эссайби Жоржийг Мишель Ву ялж тус хотын даргаар сонгогдсон байна. Эссайби Жорж мөн Бостон хотод төрж, өссөн бөгөөд түүний гэр бүл сонгуулийн компанит ажилд нь ихээхэн анхаарал хандуулж байсан аж.
Эссайби Жорж мягмар гарагийн орой сонгуулийн үдэшлэгийн үеэр "Мишель Ву-д би халуун баяр хүргэхийг хүсч байна. Тэр бол Бостон хотын даргаар сонгогдсон анхны эмэгтэй бөгөөд анхны Ази Америк хүн боллоо" гэсэн байна.
Ву нь Тайванийн цагаачдын гэр бүлээс гаралтай бөгөөд Чикаго хотоос Бостон руу нүүж иржээ. Тэрбээр Харвардын хуулийн сургуулийг төгссөн байна. Түүний улс төрийн карьер Бостон хотын зөвлөлд 2013 онд сонгогдсноос эхэлсэн бөгөөд сонгогдсныхоо дараа "Бостонд зориулсан ногоон гэрээ"-г санаачилсан байна. Түүний санаачилгыг Сенатор Элизабет Уоррен, Конгрессын гишүүн Аянна Прессли зэрэг Массачусетс мужийн бусад нэр хүндтэй хүмүүс дэмжиж байжээ.
Ву хотын даргын мөрийн хөтөлбөртөө нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох, түрээсийн үнийг тогтворжуулах замаар түрээсийн хяналтыг тогтоох, Бостон хотын Төлөвлөлт, хөгжлийн агентлагийг татан буулгах, хотын орон сууцны нөхцөл байдлыг сайжруулах зэрэг олон дэвшилтэт санаа тусгасан аж.
Өнгөт арьст Ву болон Эссайби нарын хотын даргын төлөөх өрсөлдөөн нь тус хотын улс төрийн орчинд томоохон өөрчлөлтийг авчирчээ. 199 жилийн турш зөвхөн цагаан арьст, эрэгтэй хотын дарга нар сонгогдож байсан бол Ву хотын дарга болсноор Бостон хотын үнэт зүйл өөрчлөгдсныг мөн хүн ам зүй улам бүр олон болсныг харуулж байна. Одоогийн байдлаар хотын дийлэнх хувийг өнгөт арьстнууд бүрдүүлж байгаа бөгөөд цагаан арьст хүн цөөрсөн байна.
Эх сурвалж: GUARDIAN