"Саруул ухаанаас өөр сайн нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амнаас илүү дайсан гэж үгүй
Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй"
Өнөөдөр бол Билгийн тооллын 17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр Үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр.
- Манай улс “Монгол бахархлын өдөр”-ийг ес дахь жилдээ тэмдэглэж байна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиодог. Энэ жилийн хувьд 11-р сарын 5-нд буюу Өнөөдөр тохиож байгаа юм.
- ШУА-ийн түүхч эрдэмтэн, судлаачид Тэмүжиний мэндэлсэн огноог “Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр” хэмээн тогтоожээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны 1дүгээр сарын 9-ний өдөр гаргасан.
- АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж байсан.
- 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргав.
“Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ”
- XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулсан.
- Чингис хаан өөрийн улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг бий болгосон юм.
“Тус гүрэн 200 гаруй жил оршин тогтнож дэлхийн түүхэн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Ингэснээр хүн төрөлхтний түүхэн хөгжлийн хорин нэгэн зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгож чадсан юм”
- Чингис хаан өрнө, дорныг холбосон Торгоны замыг сэргээж, аюулгүй байдлыг нь хангаж, өртөө, шуудан холбоог шинээр үүсгэн буй болгосон. Энэ нь олон улсын иргэд бие биеэсээ ахуй, соёлын талаар суралцах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцан холбоог өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн юм
Торгоны замаар тохойн чинээ алт авч яваа 18 тай охин замдаа ямар ч саадгүй зорьсон газраа хүрдэг байсан хэмээн түүхч, эрдэмтэд хэлдэг.