Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвлөмжийг АНУ-ын Өвчлөлд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валеньски баталжээ. Үүнд “Пфайзер/БиоЭнТеч” компанийн хүүхдэд зориулан бэлтгэсэн вакциныг ашиглахыг Хүнсний бүтээгдэхүүн, эм, бэлдмэлд хяналт тавих газар нь зөвшөөрсөн аж.
Ингэснээр тус улсын 28 сая орчим хүүхдийг вакцинжуулах ажил ойрын хугацаанд эхлэх гэнэ. 5-11 насныханд 10 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж буйгаас гурав дахин бага тунг тарина. АНУ-ын өсвөр насныханд “Пфайзер”-ын вакциныг хийж байгаа бөгөөд “Модерна”, “Жонсон энд Жонсон”-ы вакцины судалгаа үргэлжилж буй аж.