“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан 120 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Онцгой байдлын албаны усчин аврагчид 12-16м-ийн гүнд живсэн хөлөг онгоцыг ган татлагаар холбох, бэхлэх, салгах, хөшүүрэг хийх, гүн хэмжих, хөлгийг дотор, гадна талаас нь битүүмжлэх, хязгаар хөвүүр тэмдэгтийг байрлуулах 100 удаагийн шумбалтын даалгаврыг гүйцэтгэжээ.
Хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байгаа юм. Одоогоор хөлөг онгоцыг эрэгт байрлуулах ажлыг зохион байгуулж буй гэнэ. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь усны гүнд зохион байгуулагдаж байгаа анхны тохиолдол бөгөөд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгааг гаргах, татан гаргах ажиллагааны эхлэл юм.